Жендер. Энэ үг монголчууд бидний хувьд шинэ биш ч гэлээ өнөөдрийг хүртэл бодол сэтгэхүйдээ хэвшүүлж, хуучин болгож чадаагүй л байна. Учир нь, манай улсад хүйсийн тэгш байдал алдагдаагүй ч ажил хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах төвшинд харьцаа алдагдсан. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээл дэх эрэгтэй, эмэгтэй хүний оролцоо, тэдний цалин хөлс, ажил мэргэжлийн ялгаа их. Судалгаанаас харахад бөөний худалдаа, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, үйлдвэрлэл, хүнсний салбарт эмэгтэйчүүд ажилладаг бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй цалин хөлс өндөртэй уул уурхай, барилга, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны салбарт эрэгтэйчүүд давамгайлж байна. Эмэгтэйчүүдийн голлон ажиллаж буй салбар нь жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлт ихтэй учир нийгмийн хамгааллын асуудал нь доголдолтой байдаг. Товчхондоо, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж цалингийн ялгаа багасахгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин улсын хэмжээнд 955.9 мянган төгрөг. Үүнээс эмэгтэйчүүдийнх 846.1 мянга, эрэгтэйчүүдийнх нэг сая 67.9 мянга, зөрүү нь 221.8 мянган төгрөг байна. Энэ зөрүү наад зах нь тэтгэвэр, тэтгэмжид нөлөөлдөг байна. Тухайлбал, 2016 оны байдлаар эмэгтэйчүүдийн тэтгэврийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 18.6 хувиар бага байжээ.
Цалингийн ялгаа нь эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн статус зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Сүүлийн үед залуу болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалзах, эрт тэтгэвэрт гаргах хандлага давамгайлах болов. Үүгээр ч зогсохгүй зарим ажил олгогч ажилтан авахдаа, халахдаа ч хүйсээр ялгаварладаг. Ажилд авахдаа юуны түрүүнд гэр бүлтэй, хүүхэдтэй эсэхийг нь тодруулж, улмаар ар гэрийн ачаалал багатай эмэгтэйчүүдийг сонгодог. Хэрэв гэр бүлтэй бол ойрын хугацаанд хүүхэдтэй болохгүй шүү гэдэг шаардлага тавьдаг бичигдээгүй зарчим бий. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн хариуцлага, жендерийн соёлын талаарх мэдлэг дутмаг, ухамсар суугаагүйтэй холбоотойг мэргэжилтнүүд тодотгож байна. Нөгөө талаас уул уурхай, барилга, автозам гэх хүнд чиглэлийн үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд ажиллах ажлын байр хомс байдаг. Үүнээс гадна ажлын тогтвор суурьшил, нийгмийн хамгааллаар хамгаалагдсан байдал, ажлын цаг, албан тушаал ахих боломжоор эрэгтэй, эмэгтэйчүүд мөн л ялгаатай. Угтаа бол үүнд хүйс ямар ч хамаагүй. Нэгэн жишээ татъя. Цэцэг гэдэг эмэгтэй, нөхөргүй, мэдлэг чадвараараа дарга боллоо гэж бодоход түүнийг "арын хаалга”, танил талаараа энэхүү албан тушаалд очсон гэж харддаг. Түүний оронд Дорж байсан бол хэн ч юу ч хэлэхгүй. Энэ нь хөдөлмөрлөх, түүнээс хүртэх үр ашиг буюу цалин хөлсний жендерийн тэгш бус байдал бодитой оршин байгааг илтгэж байна. Бидний бүтээсэн түүнээсээ салж чадахгүй байгаа өнөөгийн нийгмийн дүр төрх, олон нийтийн хандлагыг өөрчлөхгүй, бүх зүйл аяндаа цэгцэрнэ, соёл яваандаа өөрчлөгдөнө гэж хүлээвэл хүйсийн тэгш эрхийн асуудлыг шийдэх хүртэл 220 жил хүлээх судалгаа бий. Хөгжлийн онолоор эмэгтэйчүүдийг бүрэн ашигладаггүй нөөц гэж үздэг учраас тухайн улс орны хөгжилд тэдний оролцоо хэрэгтэй аж. Хэрэв, эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн харилцаанд бүрэн орж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг болчихвол дэлхийн эдийн засаг даруй 22 их наяд ам.доллараар нэмэгдэх боломжтойг НҮБ судалгаагаар тогтоожээ. Иймд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсийг эрэгтэйчүүдийнхтэй адил болгох талд дэлхий нийт анхаарал хандуулж байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хэн боловч улс орноо хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож, үр шимээс нь тэгш хүртэж, хамтдаа урагшлах нь өнөөгийн хөгжлийн гол зарчим билээ. Ингэснээр хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг уламжлалт арга барил халаагаа өгч, жендерийн тэгш байдал гол шалгуур болж байна. Ер нь жендер, жендерийн тэгш эрх, тэгш байдал гэж юу юм бэ.
Энэ талаар ярихаар манай нийгэмд жендерийн ялгаа байхгүй гэж маргадаг хүн олон. Тэгвэл эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг гэж хэлүүлэхээс ичдэг бол эмэгтэйчүүдийг эр хүн шиг гэвэл тэдэнд магтаал болдог. Энэ бол жендерийн ялгаа. Харин гэр бүлд ямар харилцаа байх нь тэдний ухамсарт сонголт. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн жендер гэхээр зөвхөн улстөрчдийн асуудал мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Жендер цаг хугацаа, орон зай, хүрээлэн буй орчин, эрх мэдэл, улс төрийн харилцаанаас үүдэн өөрчлөгдөж байдаг. Харин жендерийн тэгш эрх гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаварлалгүй хандах үйл явцыг хэлдэг. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг дэмжиж, нийгмийн тогтолцооны нөлөөг тэнцвэржүүлэх замаар эрх тэгш байдлыг хангах явдал юм. Харин хүйсээр ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоосны үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, үр шимээс нь тэгш хүртэж, үүрэг хариуцлагыг мөн адил хүлээх нь жендерийн эрх тэгш байдал гэж холбогдох мэргэжилтэн тайлбарлав. Товчхондоо, эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэднийг эрх тэгш үнэ цэнэтэй байлгахыг хэлдэг байна. Бид үүнийг л хүсдэг. Тэгвэл жендерийн тэгш бус байдлаас яаж гарах ялангуяа хөдөлмөрийн харилцаатай холбоотой тэгш бус байдлыг таслан зогсооход манай улсад хууль эрхзүйн орчин ямар төвшинд байна вэ. Манай улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш эрх, адил боломжоор хангахад аль ч цаг үед анхаарч иржээ. Ардын хувьсгал ялсан жилээс эмэгтэйчүүдийг богтлохыг хориглож, эрэгтэйчүүдийн нэгэн адил суралцах эрх олгож, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж ирсэн түүхтэй аж. Түүнээс хойш энэ чиглэлд олон улсын төвшинд идэвхтэй хамтран ажиллаж, 1960-аад оноос хойш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг устгах талаар НҮБ болон олон улсын байгууллагаас баталсан 30 гаруй конвенцод нэгдэн оржээ. Тодруулбал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд, 2017-2021 он хүртэл "Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр"-ийг өнгөрсөн онд баталсан. Тус хуулийн зорилт нь улс төр, эрхзүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрхзүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан болон жендертэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гол хөшүүрэг нь энэ юм. Харин Засгийн газар олон нийтийн жендерийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталсан. Ингэснээр манай улс Ази тивдээ жендерийн асуудлаар ахиц дэвшил гаргасан цөөн орны тоонд багтав. Төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд жендерийн зарим үзүүлэлт сайжирч байна. Тухайлбал, хөвгүүдийн сургууль завсардалт багасч, бага болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүйсийн харьцаа тэнцүү, их, дээд сургуульд суралцагсдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн жилүүдэд бодлого, хөтөлбөр, хууль эрхзүйн орчинг бүрдүүлж чадсаны үр дүн юм. Тэгвэл цаашид бид юун дээр анхаарах ёстой вэ. Жендерийн тэгш байдал нь нэг салбарын дагнан хариуцах хүрээнээс хальсан, салбар дундын зохицуулалт, олон талт хамтын ажиллагаа шаарддаг.
Тиймээс хуулийг үндэсний хэмжээнд сурталчлан таниулж, ойлголт, мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд нэн түрүүнд анхаарах нь зүйтэй. Нөгөө талаар жендерийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх шалтгаан болжээ. Энэхүү хэвшмэл ойлголтыг арилгахад бүх нийтийн жендерийн боловсролыг дэмжих зайлшгүй шаардлага үүсээд байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн асуудлыг онцгойлон анхаарч үзэх нь хөгжлийн хүрсэн төвшинг улам баталгаажуулж, ахиулдаг аж. Тиймээс эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог зөвхөн улс төрөөр хязгаарлахгүйгээр бүх шатны шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөлмөрийн насныхныг дэмжиж үнэлэх, хамтдаа хөгжих тэгш боломжийг олгох нь зүйтэй. Учир нь, өнгөрсөн оны бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь тэдэнд хөдөлмөр эрхлэх сонирхол харьцангуй өндөр байгааг харуулжээ. Иймд эмэгтэйчүүдийн энэхүү хүсэл эрмэлзлэлд нийцсэн бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэдний төлөөлөл цөөхөн уул уурхай, санхүү гэх мэт салбарын өндөр цалинтай ажлын байранд ажиллах боломж, бололцоог бүрдүүлэх, тусгайлан дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй юм. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь бизнес эрхлэн явуулах нөхцөлийг бүрдүүлж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай. Түүнчлэн ажил олгогчид ялгаварлан гадуурхсан тохиолдолд энэ талаар мэдээлэх, гомдол гаргахдаа эрхзүйн туслалцаа хялбархан авах нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй юм. Хүний эрхийн боловсрол, жендерийн тэгш байдлын асуудлыг дэлхийн улс орон боловсролын тогтолцоондоо суулгах үүрэг хүлээсэн байдаг. Үүний нэгэн адил манай улс олон улсын жишиг, нийгмийн шаардлагын дагуу энэ талын ойлголтыг сургуулийн өмнөх наснаас нь эхлүүлэн өгч, адил тэгш боломж олгодог нийгмийг цогцлооё.
С.ЮМСҮРЭН
0 сэтгэгдэл