ЛОНДОН. /Би-Би-Си/. Дэлхийн хэмжээнд ердөө гуравхан хүн ярьдаг хэлээр та хэдэн үг хэлж сурмаар байна уу?
"Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, нэгэн цагт Пакистаны хойд нутгийн алслагдсан цаст хөндийн оршин суугчид "бадеши” хэмээх хэлээр өргөнөөр ярьдаг байжээ. Харин өнөөдөр энэ хэлийг мэддэг гуравхан хүн л үлдээд байна. Өөрөөр хэлбэл, энэ хэл үндсэндээ мөхөөд байна.
"Би-Би-Си” телевизийн сурвалжилгын багийнхан бадеши хэлээр ярьж чаддаг гурван өндөр настныг азаар олж уулзаж чаджээ.
Тэр гурвын нэг болох Рахим Гюль ярихдаа "Биднийг бага байхад тосгон даяараа л энэ хэлээр ярьдаг байсан” гэжээ. Тэрбээр насаа мэдэхгүй аж. Гэхдээ 70 гарсан болов уу гэмээр харагдаж байна.
Тэрбээр цааш нь ярихдаа "Манай тосгоны эрэгтэйчүүд торвали хэлээр ярьдаг өөр тосгодоос эхнэр авч эхэлсэн. Ингээд хүүхдүүд ээжийнхээ унаган хэлээр ярих болсноор манай хэл мөхөж эхэлсэн дээ” гэв.
Рахим Гюлийн үеэл болох Сэйд Гюль ярихдаа "Одоо манай хүүхдүүд, ач зээ нар бүгд торвали хэлээр ярьдаг” гэлээ.
Тэдний тосгоны залуучуудын зарим нь ажил олж хийхийн тулд аялал жуулчлалын салбар нэлээд хөгжсөн Сват хөндий рүү явцгааж, пушту хэмээх хэлээр ярьцгаадаг болсон гэнэ.
Рахим Гюль, Сэйд Гюль нар бадеши хэлний үгээ нэг, хоёроор нь мартаж эхэлсэн бөгөөд бие биеэсээ асууж, нэлээд бодсоны эцэст зарим үгээ санадаг болжээ.
"Үнэхээр харамсалтай байна”
Бадеши хэлийг ашиглах боломж хомсын улмаас энэ хэлийг мэддэг гурван хүн ч хэлээ мартаж эхэлсэн байна.
Рахим Гюль ганц хүүтэй аж. Түүний хүү нь таван хүүхэдтэй гэнэ. Тэд бүгдээрээ торвали хэлээр ярьдаг байна.
Рахимын хүү ярихдаа "Миний ээж торвали хэлтэй. Ээж аав хоёр гэртээ бадеши хэлээр огт ярьдаггүй байсан. Хүүхэд байхад энэ хэлийг сурах боломж надад байгаагүй. Би энэ хэлээр цөөхөн хэдэн үг л мэднэ. Надад үнэхээр харамсалтай байна. Би одоо 32 настай. Надад энэ хэлийг сурах боломж алга. Аав минь нас дээр гарсан хүн. Энэ хэл удахгүй миний аавтай хамт бүр мөсөн мөхөх нь” гэлээ.
Хэл шинжээч Сагар Заман гэдэг хүн ярихдаа "Би олон жилийн өмнө энэ хөндийд гурван ч удаа ирж байсан. Оршин суугчид нь бадеши хэлээр ярих дургүй байсан. Би бусад хэл шинжээчийн хамт бадеши хэлээр 100 гаруйхан үг л цуглуулж чадсан. Цуглуулсан үгсээ судалж үзээд, бадеши нь Энэтхэг-Европ язгуурын Энэтхэг-Ари салбарын бүлэгт харьяалагдах хэл юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна” гэжээ.
Аврахад хэтэрхий оройтсон бадеши хэлээр Рахим Гюлийн ярьсан хэдэн өгүүлбэрийг доор сийрүүлсэн байна.
Meen naao Rahim Gul thi – Намайг Рахим Гюль гэдэг
Meen Badeshi jibe aasa – Би бадеши хэлээр ярьдаг
Theen haal khale thi? –Та сайн байна уу?
May grot khekti – Би хоолоо идчихсэн
Ishu kaale heem kam ikthi – Энэ жил энд их цас орсонгүй.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
1 сэтгэгдэл