Монголыг монопольчлогч "Роснефть”-ийн төлөөлөгчид манай улсад саатаад буцав. Тэдний хувьд манай шатахууны борлуулалтын жижиглэнгийн зах зээлд оролцох сонирхолтой байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн. Гэвч Монгол Улсын хуулиар "Роснефть” компани манай дотоодын зах зээлд орох боломжгүй. Тэгвэл "Роснефть” –ийн төлөөлөгчид энэ удаад манай улсад саатахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад энэ саналаа дахин тавьсан уу, эсвэл...
Өчигдөр Сангийн яамны зүгээс эдийн засгийн өсөлт сайжирч "Үүр цайж байна” хэмээн тодотгосон. Гэхдээ эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид эерэг хэвээр хадгалагдана гэх баталгаа байхгүй. Нэг үгээр эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа. Тухайлбал, экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь эргээд Монгол Улсын эдийн засагт том эрсдэл болж болзошгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр нефть бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд бид "Роснефть”-д тал засан гүйхээс аргагүй.
Он гарсны дараахан нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж ард иргэдийг багагүй бухимдуулсан. Үүнийхээ ачаар тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг буцааж зарим нэр төрлийн бензинийхээ үнийг нэмсэн. Харин энэ үеэр иргэдийн зүгээс "Роснефть”-ийн салбарыг Монголд нээх тухай асуудлыг ярьж эхлэх хэрэгтэйг тухай хөндөж байв. Гэхдээ өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн орчинд тэд Монголд орж ирэх боломжгүй. Тэгвэл "Роснефть”-ийнхэн манай Засгийн газрын төлөөлөгчидтэй ямар хэлэлцээ хийж байгаа вэ?
Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаад удаагүй байна. "Роснефть”-ийн удирдлагуудын хувьд энэ мэдээлэл танил юм. Учир нь өнгөрсөн жилүүдэд өнө удаан хугацааны туршид манай улс нефть боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг хөндөж байсан. Ингэхдээ "Роснефть”-ийнхэнд ч хамтран ажиллах санал тавьж байсан тухай хэвлэлийн хуудаснуудад шарлан үлдэж. Иймээс тэд энэ удаад манай улсад морилон саатахдаа энэ тухай хэлэлцээрийг эхлүүлсэн байж магадгүй байна. Нэгэнт жижиглэнгийн зах зээлд орох боломжгүй. Дээрээс нь Монголчууд өөрсдийн нөөц баялагтаа тулгуурлан боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдсэн. Иймээс тэд нефть боловсруулах үйлдвэр барихад хамтрах саналаа өгч, яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байх магадлалтай юм. Одоогоор ямар хэлэлцээр хийгдэж байгаа тухай УУХҮЯ мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Нэг үгээр "Роснефть” монголчуудад "хайр зарлах”-ын учир шалтгааныг олон нийтэд ил болгохоос татгалзаж байна.
П.ГОО
Оллоо.мн
2 сэтгэгдэл