Шат, шатны сонгууль дуусч, төрийн ажил хэдийнэ жигдэрч, голдиролдоо ороод буй. Гэвч Баянзүрх дүүргийн удирдлагуудын улс төржилт хэрээс хэтэрч, засаглалын хямрал нүүрлээд байгааг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ярьж байна. Мөн цэцэрлэг, сургуулийн бүртгэл ид явагдаж, хичээлийн шинэ жил хаяанд тулчихаад байгаа энэ үед тус дүүргийн Боловсролын хэлтэс нь байрлах байргүй түрээсийн байранд "толгой хоргодож” байгаа аж.
Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Баянзүрх дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар ярихгүй юу. Улс төр, засаглалын маргаан нь даамжирсаар дараа онтойгоо золгох нь бололтой?
-2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль болсноос хойш бараг жил орчмын хугацаа өнгөрч байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргыг батлаагүй байгаа. Батлаагүй гэдэг нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад хэн гэдэг хүнийг Засаг даргад дэвшүүлэх вэ гэдгээ Нийслэлийн Засаг даргаар батламжлуулаагүй байгаа юм.
-Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь яагаад бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй байгаа юм бэ?
-Хоёр нам нь талцаж хуваагдаад ИТХ-ын ирц бүрдэхгүй байна. Уг нь хоёр намын бүлэг дангаараа хуралдаад тус бүр ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийхээ нэрийг хотын даргад явуулсан. Одоогоор хотын дарга алийг нь ч батламжлаагүй байна. Тэгэхээр одоо байгаа Засаг дарга Д.Пүрэвдаваа хууль бус гэсэн үг. Дараагийн нэг асуудал нь, Дүүргийн Засаг даргын Мөрийн хөтөлбөр батлагдаагүй байна. 2017 онд ямар төсөв хөрөнгөөр, ямар бүтээн байгуулалтыг хэрхэн яаж хийх вэ гэдэг нь тодорхойгүй байсаар бүтэн жил ямар ч төрийн ажил явсангүй. Үндсэндээ гацчихсан.
-Засаг даргын Мөрийн хөтөлбөрийг ИТХ-аар хэлэлцэж, баталдаг байх аа?
-Тийм. Гэтэл тэр хөтөлбөр нь батлагдаагүй байна. Д.Пүрэвдаваа дүүргийн ИТХ-ыг зарлахаараа шөнө дөлөөр зөвхөн өөрийнхөө намын хүмүүсийг оролцуулаад хийчихдэг.Хорооны Иргэдийн нийтийн хурал нь ч ялгаагүй. Арван хэдэн хүн цуглаад л хуралдчихна. Тэр нь дандаа нэг нам эсвэл хамаатан садан нь байх жишээтэй. Тэгээд түүнийгээ 100 хэдэн хүнтэй хурал хийсэн гэж тайлагнаад явж байдаг. Уг нь хуулиараа бол 150-аас дээш иргэн цуглаж байж хорооны ИНХ хүчинтэй болно. Иргэддээ хэлж, зарлана гэж байхгүй.
Бас нэг зүйл гэвэл, ИТХ-ын дэргэд байнгын ажиллагаатай хороодууд байдаг. Нийгэм, боловсрол, эдийн засаг, төсөв санхүү, өргөдлийн хороо гэх мэт. Эдгээр нь одоог хүртэл байгуулагдаагүй байна. Энэ бүхнийг удирдлага, арга зүйгээр нь хангаж өгөх үүрэгтэй нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нь хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байна.
-Дүүргийн Боловсролын хэлтсийнхэн байрнаасаа хөөгдөөд, буудал түрээслэн ажиллаж байна-
-Баянзүрх дүүргийн иргэдийн зүгээс газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй удаж байгааг уламжилж байсан. Чухам яагаад гацчихав?
-Иргэд хуулийн дагуу 0.7 га газар өмчлөх эрхтэй. Гэтэл 2017 онд хэдий хэмжээний газрыг хаана, хэчнээн иргэдэд эзэмшүүлж, өмчлүүлэхээ дүүргээс батлаагүй байна.Энэ нь нөгөө л улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Газрын алба нь хоёр даргатай болчихсон. Угтаа бол Нийслэлийн газрын алба дүүргийн газрын албаны дарга, даамлыг томилж, удирдлагаар хангаж ажилладаг. Энэ дагуу Нийслэлийн газрын албанаас Бат-Ундрал гэдэг залууг даргаар нь томилсон юм. Тэгтэл Д.Пүрэвдаваа Бат-Ундралын өрөөг цоожлон, хөөж гаргаад оронд нь Батмандах гэдэг залууг авч ирээд суулгачихсан. Одоо яасан бэ гэхээр Бат-Ундрал нь тамгатай. Гэхдээ өрөөгүй. Харин Батмандах нь өрөөтэй боловч тамгагүй. Нэг ийм хоёр даргатай болчихоод иргэдээс ирсэн өргөдөл гомдол, газрын гэрчилгээ шилжүүлэх, газар эзэмших, өмчлөх асуудлууд бүтэн жил шийдэгдээгүй явж байна. Оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 1511 өргөдөл ирсэн нь гацаанд байна шүү дээ. Одоо Газрын алба иргэдээс шинээр өргөдөл хүлээж авахгүй байгаа. Энэ мэтчилсэн манай дүүрэгт бугшсан олон асуудал байна.
-Танай дүүргийн Боловсролын хэлтэс байрлах байргүй, түрээсийн байранд байгаа гэсэн. Энэ асуудлаар та нарт хандаж, санхүүгийн дэмжлэг хүссэн гэдэг. Чухам яагаад ийм нөхцөл байдал үүсчихсэн юм бэ. Өмнө нь Боловсролын хэлтэс нь Тамгын газартаа байрладаг байсан биз дээ?
-Тийм ээ. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс дүүргийн Засаг даргын Тамгын газарт байрлаж байсан. Байсаар ч ирсэн. Гэтэл Д.Пүрэвдаваа нийслэлийн Боловсролын газраас томилогдож ирсэн Цогзолмаа даргыг нэг өглөө ажилдаа ирэхэд нь "Өрөөгөө сулла, бид энэ байраа өөрсдөө ашиглана” гэж хэлээд хөөгөөд гаргасан байгаа юм. Гэтэл одоо хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхэллээ. Сургууль, цэцэрлэгийн засварын ажилд хяналт тавих, хүүхэд багачуудынхаа хичээлийн бэлтгэл ажлыг хангах ёстой Боловсролын хэлтэс нь өөрсдөө орон байргүй. Зочид буудлын өрөө түрээслэж авсан ч тэр газраа засварлах мөнгөгүй. Ямар сайндаа л дүүргийнхээ хурлын төлөөлөгчдөд хандах билээ дээ. Бид тэгтэл түүнийг нь шийдэх хөрөнгө санхүүтай эрхтэн, дархтан нь биш шүү дээ.
-Та бүхэн Д.Пүрэвдаваа даргад асуудлаа уламжилж байсан болов уу. Ямар хариулт өгдөг юм?
-Маш олон удаа асуудал тавьж байлаа. Тэгэхэд Д.Пүрэвдаваа дарга шүүхийн асуудал дуусаагүй гэдэг бөөрөнхий хариулт өгдөг. Тэгсэн атлаа нийслэлээс гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гацаана. Нийслэлийн удирдлага нь МАН, би АН гээд л нийслэлийн бүх шийдвэрийг эсэргүүцэж болохгүй шүү дээ. Үнэхээр намдаа хайртай улстөржих дуртай бол намынхаа улс төрийн ажилтнаа хийж болно. Гэтэл олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн төрийн ажил хийж байж улс төржиж, нам гэж намчирхаад байхаар шат шатны ажил уналтад ороод байна. Нэг жишээ хэлэхэд, Баянзүрх дүүргийн гол асуудлыг шийдэх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг Д.Пүрэвдаваа дарга шуурхай хуралдаа оролцуулдаггүй. Асуудал уламжилвал "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар руу төсөв чинь ордог учраас надад хамаагүй” гэж ашиг харсан байдлаар хариулт өгдөг гэсэн. Гэтэл дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бол иргэдийн аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг хянаж, шийдвэрлэх асуудлыг дүүрэгтээ уламжилдаг гол хамтран ажиллах ёстой газар шүү дээ.
-Тэгэхээр Баянзүрх дүүрэгт ямар ч төрийн ажил явахгүй байгаа юм уу. Дүүрэг төсвөө хүртэл тодотгоогүй хэрэг үү?
-Юу хийх юм бэ. Хөтөлбөр байхгүй юм чинь. Төсвийн тодотголоо бол хийсэн. Гэхдээ ноцтой хэд хэдэн асуудал үүсч байсан. Дүүргийн прокурорын газарт 40 сая төгрөг өгөхөөр амласан байдаг.
-Тийм үү, түүнийгээ төсвийн тодотголд ямар нэрээр оруулж ирсэн байх уу?
-Прокурорын газарт тусламж үзүүлэх гэдэг нэрийдлээр. Бид яагаад ингэж өгөх ёстой юм бэ. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд хороодод тулгамдсан асуудал олон байна. 24 дүгээр хороонд л гэхэд улсын нэг ч цэцэрлэг байдаггүй. Ядаж энэ асуудлыг шийдэж болно гэхэд 2016 онд дүүргийн Прокурорын газарт өгнө гээд амлачихсан юм. Өнгөрсөн онд өгч чадаагүй учраас энэ оны төсөвт суулгана гэж гүрийсээр байгаад олонхиороо хүч түрээд баталчихсан.
-Та бүхэн цаашид яая гэж бодож байна вэ?
-Наад зах нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөө улстөржихгүй ажиллахыг уриалмаар байна. Бид дүүргийн иргэдийн төлөөлөл болж сонгогдсон учраас нам улс төр гэж талцалгүй ажиллах хэрэгтэй. Хэтэрхий нэг намын багцанд орохгүй ажиллах ёстой. Манай дүүрэгт МАН-ын 19, АН-ын 22 төлөөлөгч сонгогдсон. Хуралдаа суудаггүй, санал оруулдаггүй, тойрогтоо ажилладаггүй зэрэг төлөөлөгчдөд бас асуудал бий. Уг нь бүгд нэгдээд ажиллавал энэ асуудлыг хуралдаад шийдэх боломжтой. Түүнчлэн 2016-2020 онд хотын удирдлагууд "Аз жаргалтай хот” гэдэг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Гэтэл энэ хөтөлбөрөөс нэг нь ч Баянзүрх дүүрэгт хэрэгжээгүй. Яагаад гэвэл Д.Пүрэвдаваа дарга нь өөрийнхөө Мөрийн хөтөлбөрийг батлаагүй байна. Уг нь улс төржихгүйгээр Мөрийн хөтөлбөрөө уялдуулж, боловсруулаад ажиллаж болно шүү дээ. Энэ улстөржилтийн уршгаар Баянзүрх дүүрэгт төрийн ажил явахаа болилоо.Иргэдэд маш их бухимдал үүсээд байна. Дээр нь төрийн алба хаагчид нь ямар ч итгэл үнэмшилгүй, ажиллаж байгаа нэртэй л хэдэн хүмүүс байна. Баянзүрх дүүргийн иргэдэд хандаж хэлэхэд, ямар нэг төрийн байгуулага, төрийн алба хаагчтай холбоотой санал гомдол байвал дүүргийн төлөөлөгчдөд надад болон бусад төлөөлөгчдөө хандаж болно гэдгийг хэлмээр байна.
0 сэтгэгдэл