|

Т.Ганболд: Алтны компаниуд байгаль орчныг хариуцлагатай нөхөн сэргээдэг!


Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр алт олборлогчдыг нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг сүйтгэж орхидог гэсэн мэдээллүүд цацагдах болсон.
Нэг үеэ бодвол уул уурхайн компаниудын хариуцлага нэмэгдэж, нөхөн сэргээлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг болсныг олон жишээн дээрээс харж болно. Бодит байдал дээр энэ бүхэн ямар хэмжээнд байгаа талаар Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдоос тодруулга авлаа.

-Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниуд тус нутгийн газар шороог орвонгоор нь эргүүлэн, нөхөн сэргээлтийг хийлгүй орхигдуулаад байгаа талаар мэдээлэл саяхан цацагдаж байсан. Та энэ салбарын мэргэжлийн холбоог тэргүүлдэг хүний хувьд бодит тайлбарыг өгөх үү?

-Хэд хоногийн өмнө ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн байна лээ. Ажлын хэсгийн тайланг телевизээр сонссон. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд нэлээд хэдэн жилийн өмнө уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийн тал дээр нийгэмд сөргөөр ойлгогддог байсан. Өнөөдөр байдал эсрэгээрээ алтны компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг тэргүүн эгнээнд тавьдаг болсон.

Үйл ажиллагаагаа албан ёсоор явуулдаг нэртэй устай компаниуд зөв технологийн дагуу байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн 2016 оны байдлаар Заамарт үйл ажиллагаа явуулж буй 30 орчим аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 500 орчим га талбайд техникийн, 300 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийгээд байна.Холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагууд нөхөн сэргээсэн талбайтай танилцаад сайшааж байна. Байгаль орчныг сүйтгэдэг гэсэн нэрээс алтны компаниуд бүрэн салж байна.

Нөгөө талаар уул уурхайн ажил гэдэг өөрөө их онцлогтой. Өнөөдөр газар шороог ухлаа гэхэд маргааш нь битүүлээд, нөхөн сэргээлт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тухайн ордын ашиглалтын хугацаа хэдэн жилээр төлөвлөгдсөн, тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу тухайн хөрсөн доорх металлыг бүрэн авсны дараа нөхөн сэргээлтийг хийж эхэлдэг. 2-3 жил, бүр цаашлаад 4, 5 жилийн дараа ч нөхөн сэргээлт хийгдэж болно. Үүнийг нь иргэд хараад нөхөн сэргээлт хийлгүй орхилоо гэж ярьцгаадаг.

-Тэгвэл Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий компаниуд Орхон голыг бохирдуулаад байна гэх гомдлын дагуу Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг шалгаад зохих дүгнэлтээ гаргасан байх. Энэ талаар тодруулга өгөх үү?

-Ямарваа нэг асуудлыг олон нийтэд мэдээлэхдээ нэг талын байр суурийг бус, аль аль талын байр суурийг ижил түвшинд авч байх нь зөв юм шиг санагддаг.

Ноднин жил есдүгээр сард Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, БОНХАЖЯ, МХЕГ, Цагдаа тэргүүтэй албаны 5-6 байгууллагаас томилогдсон ажлын хэсгийнхэн Орхон голыг бохирдуулсан гэх энэхүү асуудлаар шалгалт хийгээд ирсэн. Дүгнэлтээ ч гаргасан байна лээ. Шалгалтаар "Алтан Дорнод Монгол”, "БНМС”. "Голденхаймер”, "Батбродерс” зэрэг компаниуд хуулийн хүрээнд бүх бичиг баримтаа бүрдүүлэн технологийн дагуу гол горхинд сөрөг нөлөө үзүүлэхгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Орхон голыг бохирдуулаад байгаа тэрхүү асуудал нь хууль бус алт олборлогчид, болон нэр бүхий бусад компаниудаас үүдэлтэй байсан. Үүнийг ялгаж салгахгүйгээр салбарыг нийтээр нь муухай харагдуулах гэсэн хэсэг хүмүүс олширч байгаа нь харамсалтай.

-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах. алт олборлолтыг нэмэгдүүлэх, салбарыг бэхжүүлэх зорилгоор "Алт 2” хөтөлбөрийг батлаад удаагүй байна. Байдал дээрээ салбарын холбогдох яамдын хүнд суртал хэвээр байгааг компаниуд их ярих болжээ?

-Анх "Алт-1 хөтөлбөр”-ийг 1992 онд буюу Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн үед хэрэгжүүлж байсан түүхтэй. Үнэхээр ч алт гэдэг шар металл тухайн үед дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй шахам байх үед Монгол улсыг аварсан, хүнд нөхцөл байдлаас гаргасан. Харин одоо улсын эдийн засгийн хямрал, өр зээл гээд маш олон асуудлууд тулгарсан энэ хүндхэн цаг үед МУ-ын Засгийн газраас "Алт -2” хөтөлбөрийг баталлаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд алт олборлогчдыг дэмжиж, энэ салбарыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх ёстой. Гэтэл бодит байдалд Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчны яам зэрэг төрийн байгууллагуудын хүнд суртал урьд өмнөхөөсөө илүү хэрээс хэтэрч байна. Бичиг цаас боловсруулалтын ажилд хугацаа их алдаж нэг яамны хэлтсийн дарга, мэргэжилтний үүдийг уурхайн компаниуд бүтэн сараар нь сахидаг боллоо.

Ганцхан жишээ дурдахад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцийн тайлан хэлэлцэх шинжээчийг томилох асуудал өмнө нь 7-10 хонодог байсан бол одоо нэг cap хүлээх нь энүүхэнд болчихоод байна. Ингээд хурлаа хийж шинжээчээ томилсны дараа хурлын тушаал дүгнэлт гарах гэж бас нэг cap хүлээх болсон. Байгаль орчны яаман дээр Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах асуудал бүр ч ярилтгүй болсон.

Ингээд Засгийн газрын түвшинд батлагдсан ажлыг салбар яамнууд нь хэрэгжүүлэхгүй, хойш татаад байгаа асуудлыг юу гэж ойлгох вэ? Уул уурхайн салбар өөрөө их онцлогтой. Улирлын чанартай, маш бага хугацаанд амжиж хөрс шорооны ажлуудаа хийх ёстой. Энэ мэт саад бэрхшээлээс болоод алт олборлогчдын ажилд том саад болж байна.


0 сэтгэгдэл