Хэд хоногийн өмнөөс олон нийтийн сүлжээгээр "Мобикомын дараа төлбөрт хэрэглэгчид хоёр сарын дотор төлбөрөө төлөхгүй бол найдваргүй зээлдэгч болно” гэх утга бүхий мэдээлэл цацагдсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэд бухимдаж эсэргүүцлээ илэрхийлэх болсон.
Тиймээс бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхээр албаны хүмүүсээс тодрууллаа. Мобиком корпорациас энэ талаар лавлахад "Манай байгууллага ийм шийдвэр гаргаагүй. Монголбанктай хийсэн гэрээний хүрээнд ажиллаж байгаа. Ганцхан манай байгууллага биш бүх үүрэн холбооны оператор компаниуд гэрээ хйисэн. Зарим цахим сайтуудаар цацагдаад байгаа дараа төлбөрт хэрэглэгчид хоёр сарын дотор утасны төлбөрөө төлөхгүй бол найдваргүй зээлдэгч болно гэдэг нь буруу ташаа мэдээлэл” гэдгийг хэллээ.
Харин үүрэн холбооны компаниудтай байгуулсан гэрээний талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Д.Баттуулаас тодруулахад "Монголбанктай хамтран ажиллах гэрээ хийснээр үүрэн холбооны операторууд зээлийн мэдээллийн санд мэдээллээ илгээх эрхтэй болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд "Актив ангилах журам” батлагдсан. Энэ журам нь арилжааны банкууд, үүрэн холбоо зэрэгт адилхан ангилсан байгаа. Иргэн зээл төлөх хугацаагаа 15 хоногоор хэтрүүлэх нь хэвийн ангилал, 15-90 хүртэл хоног төлөхгүй бол анхааруулах ангилал. 90 хоногоос хэтрүүлсэн бол чанаргүй зээлдэгч гэсэн ангилал руу шилждэг. Тиймээс хоёр cap төлбөрөө төлөөгүй мобикомын дараа төлбөрт хэрэглэгч чанаргүй зээлдэгч болно гэсэн зүйл байхгүй. Төлбөрөө төлөөгүй хоёр cap буюу 60 хоног болвол анхааруулах ангилалд хамаарна, актив ангилах журамд ийм хугацаа байхгүй” гэлээ.
Монголбанкны "Актив ангилах журам”-д зааснаар Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл компанийн дараа төлбөрт хэрэглэгч төлбөрөө төлөлгүй 90-ээс дээш хоног болвол зээлийн мэдээллийн санд таны мэдээлэл очиж, чанаргүй зээлдэгч болох юм байна. Гэхдээ зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байлаа гээд банкнаас байрны зээл, цалингийн зээл авч болохгүй болно гэсэн үг биш гэдгийг Төвбанкны эдийн засагч хэлсэн юм.
Дээр дурдсанчлан 90 хоногоос дээш хугацаагаар төлбөрөө төлөхгүйгээр чанаргүй зээлдэгчийн ангилалд хамрагдлаа гэхэд банкнаас зээл олгох үгүйг эдийн засагчид, зээлийн лавлагааны мэдээлэл дээр үндэслэн гаргадаг байна.
Зууны мэдээ
М.Баасандэлгэр
86 754 сэтгэгдэл