ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог энэ сарын 31 хүртэл дахин хоёр долоо хоногоор сунгажээ.
Засгийн газар дэлхий дээрх хамгийн өргөн хүрээг хамарсан хөл хориог дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм. Энэтхэгт сүүлийн мэдээллээр 90 мянга гаруй хүн халдвар авснаас 53946 хүн эмчлүүлж байгаа бол 2896 хүн нас баржээ.
Энэтхэгт өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс хөл хорио тогтоож, сургууль, нийтийн тээвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон билээ.
Цаашид ямар өөрчлөлт гарах вэ?
Ихэнх хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай бөгөөд боловсролын байгууллагууд, зоогийн газар, цэнгээний газар, кинотеатр, худалдааны төвүүд хаалттай хэвээр байж, нислэг, галт тэрэгний хөдөлгөөн, метроны үйлчилгээг үргэлжлүүлэн зогсооно.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр, зоогийн газруудыг авч явах зориулалттай үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд үзэгчидгүйгээр тэмцээн зохион байгуулахыг зөвшөөрөх ажээ. Түүнчлэн хөл хорио тогтоосноос хойш анх удаа хувийн автомашин, автобуснууд хот хооронд зорчих боломжтой болох бөгөөд зөвшөөрөлтэй тохиолдолд муж дамнан зорчихыг зөвшөөрнө.
Мөн мужийн эрх баригчид хязгаарлалтыг сулруулах эсвэл өмнөх дүрэм журмаа үргэлжлүүлэн мөрдөх эсэхийг өөрсдөө шийдвэрлэх боломжтой ажээ. Харин халдварын олон тохиолдол бүртгэгдсэн "хязгаарлалтын бүсүүдэд” ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.
Өмнө нь ямар арга хэмжээнүүдийг сулруулсан бэ?
Засгийн газар хөдөө аж ахуйн салбарын хязгаарлалтуудыг сулруулж, үүнтэй холбоотой аж ахуй нэгжүүдийг нээж, үйл ажиллагаагаа явуулахыг хэдийн зөвшөөрсөн. Мөн сантехникч, цахилгаанчин, мужаануудыг үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн юм.
Гэсэн хэдий ч дээрх хязгаарлалтуудыг сулруулах шийдвэр зөвхөн халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн улбар шар, ногоон бүсэд хамааралтай бөгөөд улаан бүсэд хатуу хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай. Эрх баригчид улс орноо гурван өнгийн ангилал бүхий бүсүүдэд хувааж, халдварын тохиолдол нэмэгдэх, буурах эсэхийг үргэлжлүүлэн хянаж байгаа билээ. Энэтхэгт хөл хорио тогтоосноор эдийн засгийн ихээхэн хохирол учирсны зэрэгцээ 120 сая гаруй хүн ажлын байраа алдсан байна.
Засгийн газар хөл хориог дахин сунгах шийдвэрийг ням гарагт танилцуулахаас өмнө Телангана, Махараштра, Пунжаб, Тамилнад, Мизорам зэрэг мужид хөл хориог тавдугаар сарын 31 хүртэл сунгасан байжээ. Махараштра мужид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 30706 хүн эмчлүүлж байгаа нь орон даяар эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн тэн хагасаас илүү хувьтай тэнцэж байгаа юм. Тус мужийн араас бичигдэж буй Тамилнад мужид 10585 хүн эмчлүүлж байна. Саяхан Тамилнад мужийн бөөний захад халдвар илэрч, томоохон голомт болжээ.
0 сэтгэгдэл