|

Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв, буруу

Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв, буруу

  • Нэгмөсөн шийдэхгүй ч эхлүүлсэн нь сайн хэрэг
  • Монголын бүрхэг ирээдүй буюу тэтгэврийн зээлийг тэглэсний маргааш...
  • 775.8 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг нэгмөсөн хаах боломжгүй ч нэн түрүүнд хугацаа хэтэрсэн, хэвийн бус, муу зээлийг хаах боломж бий

Ахмадуудаа ГЭНЭТ ингэтлээ хайрлах шалтгаан нь юу вэ? 

Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж уламжлалын дагуу үг хэлэв. Энэ үеэр ахмадуудаа дэмжиж, нэг удаа тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санал нэгдсэн тухай дуулгалаа. Үүнийхээ оршил болгож, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай нэг зүгт харж, алсын хараа, бодлогоо нэгтгэн санал нэгтэйгээр ажиллаж байгаагаа хэлсэн нь энэ мэдэгдэл нь үнэхээр хэрэгжчих юм болов уу гэсэн итгэлийг хөгшчүүдэд төрүүлчихэв. Хоржоонтой нь Ерөнхийлөгчийн мэдэгдэл дуусч, салют буудсанаас хэдхэн хормын дараа сар бүрийн эцэст татдаг тэтгэврийн зээлийг данснаас авсан тухай зурвас ахмадууд хүлээж авлаа.


Нэгмөсөн шийдэхгүй ч эхлүүлсэн нь сайн хэрэг
Шинэ оноо ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх мэдээтэй угтсан монголчууд талцан хуваагдаж, зөв бурууг шүүж байна. Энэ бол Ерөнхийлөгч үгээ бэлдэж суухдаа зүгээр нэг зохиогоод оруулсан зүйл биш, тооцоо судалгаатай, урт хугацааны шийдэл гэдэг нь тодорхой. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар ч үүнийг дэмжиж буйгаа ойлгуулсан нь учиртай. Тэрбээр Салхитын мөнгөний ордоос олборлосон цэвэр мөнгөний дээжийг Монгол банкинд тушаах үедээ "Үндсэн хуулийн 6.1-т "Газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Энэ баялгийг урт хугацааны бодлогод үндэслэн, үр өгөөжтэй ашиглана. Орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмыг бид Үндсэн хуульд оруулсан. Энэ зарчим бодитоор хэрэгжиж байгаад баяртай байна” гэж онцолж байв. Ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэж, банкуудад тэтгэврийн зээл олгохыг зогсоох чиглэл Монголбанкнаас өгсөн нь галт тэрэг нэгэнт хөдөлсний дохио. Салхитын мөнгөний ордыг эзэмшигч төрийн өмчит "Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр таван жилийн хугацаанд 750 тонн мөнгө олборлон цэвэршүүлнэ гэсэн төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Эндээс жилд 150 тонн буюу 5,291 унци мөнгө олборлон цэвэршүүлж, 95.2 сая ам.долларын (259.9 тэрбум төгрөг) орлого олох дундаж тооцоо гаргаж болох юм. Үүгээр 775.8 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг нэгмөсөн хаах боломжгүй ч нэн түрүүнд хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийг хаах боломж бий. Энэ ангилалд багтдаг зээлийн эзэд аль хэдийн хорвоог орхиж, үр хүүхэд нь өвлөсөн өрөө төлж дийлэлгүй, эдийн засгийн эрхээ хасуулан "хар дансанд” бичигдэгсэд юм. Тэд өнчирч үлдсэн сэтгэлийн шархтай дээрээ муу зээлдэгчийн жагсаалтаас болж өнгөт зурагт ч лизингээр авах эрхгүй иргэд. Тэдний нийт зээлийн хэмжээ ердөө 8.9-хөн тэрбум төгрөг. ЖДҮХС-гаас тэрбум хүртэлх төгрөгийн зээл авсан 34 гишүүний 10 нь л татгалзсан бол төсөвт үлдэх байсан тэр мөнгөтэй тэнцэнэ. Дараагийн ээлжинд нийт зээлийн 11.2 хувийг эзэлж буй нэг жил хүртэлх хугацаатай 86.7 тэрбум төгрөгийг тэглэж болно. Нутагтаа нэг очоод ирэх гэж, өвлийн идэш, түлээгээ базаах зэрэг ахуйн жижиг асуудлаа шийдэхийн тулд зургаа хүртэлх сараар зээл авдаг хөгшчүүл өнөө маргаашаа арай л гэж аргацааж суугаа. Тэдний зээлийг нэг удаа чөлөөлж, чилсэн нурууг нь амсхийлгэх энэрэл ямар ч төрд байх нь зүй. Харин тэтгэврийн зээлийн 87.6 хувийг эзэлдэг 1-5 хүртэл жилийн хугацаатай авсан 680.2 тэрбум төгрөгийн зээлийг судалж, хугацаа болон чадамжийн хувьд ангилж, бяцхан зохицуулалт хийснээр Ерөнхийлөгчийн мэдэгдэл байгаа оносон шийдвэр болж хэрэгжих юм. Ихэнх зээлдэгчид хүүхдээрээ батлан даалт хийлгэж, 5-10 сая, түүнээс дээш төгрөг бөөнөөр нь аваад, орон сууцны урьдчилгаанд өгч, байшин барьж, жижиг аж ахуйдаа хөрөнгө оруулсан байна. Тэд хэрэв зээлээ тэглүүлбэл дахин зээл авч, бас нэг том асуудлаа шийднэ гэдэг төлөвлөгөөтэй. Хүүхдийнхээ сургалтын төлбөр төлж, унах унааг нь базаан, өр зээлийг нь дарсан хэсэг ч бий. "Үхтэл үр харам” гэж өдрийн сүүнийхээ мөнгийг урьдчилан авч, бүтэлгүйхэн хүүхдэдээ өгч чаддаг уужим сэтгэл шиг нь Монголын төр тэднийг нэг удаа харж үзэхэд буруудахгүй. Харин аав ээжээрээ зээл авахуулалгүй амьдруулсандаа хохирч байна гэж бухимдаж байгаа залууст тэтгэврийг нь барьцаалж зээлээгүйн төлөө баяр хүргэмээр байна. Та бүхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн замналаа бодож, эдийн засгийн идэвхтэй тоглогч байгаа байр сууринаасаа ганц удаа ядарсан хөгшдийн тэтгэврийг тэглэхийг ажиглаад өнгөрчих. Өсөж дэвжих өчнөөн боломжоо төрд шургасан хувалзуудад булаалгадгаа хараад л өнгөрдөг шигээ... Гаднын улсад зээл цуцалсан туршлага бас бий. 2018 онд Грузинд 2000 гел (тус улсын мөнгөн тэмдэгт)-ээс хэтрэхгүй өртэй 600 мянган зээлдэгчийн өрийг тэглэсэн юм. Эдгээрийн 150 мянга нь эмзэг бүлэгт багтдаг хүмүүс бөгөөд нийт 1.5 тэрбумын өрийг засгийн газар хариуцсан юм. Үүнд санхүүгийн 12 байгууллага хамтарсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийнхний өрийг дарахад оролцохоо илэрхийлж байв. Түүнчлэн ихэнх улс эмзэг бүлгийнхэндээ зээл авах шаардлагагүйгээр амьдруулах хэмжээний тэтгэмж олгодог. Харин манай ахмадууд амь зуух төдий тэтгэврээ барьцаалж зээл аваад, төлөгдөж дуусах хугацааг үлдсэн насныхаа өдрүүдтэй хамт тоолон хүлээж сууна.  

ЗГМ сонин, Б.Дуламхорлоо

Монголын бүрхэг ирээдүй буюу тэтгэврийн зээлийг тэглэсний маргааш...

  • Тэгш бус, нүдээ олоогүй халамжийн бодлого нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлт, бүтээмжийг бууруулж, чадвартай боловсон хүчний гадагшлах урсгалыг хүртэл нэмэгдүүлдэг
  • Жил бүр тодотгодог төсвийг хоёр жил дараалан тодотголгүй "бодитой төлөвлөж чадсан" сангийн сайд энэ амжилтаа сонгуулийн популист амлалтаар баллуурдахыг хүсэхгүй л болов уу 
  • Бэлэн мөнгөний амлалт нь зүгээр суугаад, мөнгө авах сэтгэлгээг өөхшүүлж, эдийн засгийн бүтээмжийг бууруулсан тухай муу туршлага илүү олныг харах боломжтой 


Тэтгэврийн зээлийг тэглэх эх үүсвэр, хууль эрх зүйн үндэслэл гээд олон асуудал байж болох ч удаах сонгуулийн хонжоогоо харж, өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн эрх баригчид үнэхээр хүсч, нийгмийн хар массад таалагдаж байна гэж үзвэл ямар ч байсан аргыг нь олох нь тодорхой. Олсоор ч ирсэн. Харин тэтгэврийн зээлийг тэглэсний маргааш Монгол Улс хэрхэх вэ? 


Үр дагавар 1:Төсвийн сахилга бат алдагдана
Юуны өмнө, Монгол Улсыг бүтэн жил тэжээх 2020 оны төсвийг баталчихсан. Энэ төсөвт тэтгэврийн зээлийг тэглэх эх үүсвэр суугаагүй. Тэр ч бүү хэл нийгмийн даатгалын шимтгэлийг дахин хоёр хувиар нэмэгдүүлж хуримтлуулахаар тусгасан 174.2 тэрбум төгрөгийн орлого нь сох дутчихаад, түүнийгээ хаанаас босгохоо мэдэхгүй суугаа. Үүн дээр нэмээд 230 гаруй мянган иргэний 780-аад тэрбум төгрөгийн өрийг тэглэх гэвэл төсвийн алдагдал бараг ДНБ-ий хоёр хувиар өсөхөд хүрнэ. Үүнийг өнөөх муу нэртэй, луу данстай ОУВС таашаах нь юу л бол. Дээрээс нь жил бүр тодотгодог төсвийг хоёр жил дараалан тодотголгүй "бодитой төлөвлөж чадсан” Сангийн сайд маань энэ амжилтаа сонгуулийн популист амлалтаар баллуурдахаас өөр аргагүй болох нь. 


Үр дагавар 2: Бэлэн мөнгө биш гэж андуурах хэрэггүй. Инфляцад дарамт болно. 
Шинэ жилийн амралт дуусч, ажил ормогц тэтгэврийн зээл авах гэсэн иргэдийн хүсэлт банкуудыг сандаргаад амжсан бололтой. Арга ч үгүй л дээ. Тэтгэвэр авч буй нийт буурлын 25 хувь нь зээлгүй юм чинь. Санхүүгийн сахилга баттай байж, байгаа хэдийгээ зөв хуваарилсныхаа төлөө "монжуулаад” өнгөрөхийг хүсэхгүй. Үүнд хариу болгож, Монголбанкны ерөнхийлөгч арилжааны банкуудад шинээр тэтгэврийн зээл олгохгүй байхыг үүрэг болгов. Тэтгэврийн зээл авч Сар шинийн бэлтгэлээ хангадаг буурлуудад энэ нь эсрэгээрээ хүнд цохилт болж байгааг өнөөдөртөө ярихаа түр азная. 
Харин өнөөдрийн энэ дүр зураг Ерөнхийлөгчийн мэдэгдэл, ҮАБЗ-ийн шийдвэр хэрэгжиж эхлэхээсээ ч өмнө эдийн засагт сөргөөр нөлөөлөөд эхэлчихэж байгааг баталж байна. Албаны хэдэн байгууллага руу утас цохиж 2020 оны ажлын эхний өдөр нь ямархуу байдалтай байгааг асуухад, гайхсан, балмагдсан, шулуухан хэлэхэд "шоконд орсон” хүмүүс л байв. Эдийн засагч Л.Болд, "Зээлээ тэглүүлсэн ахмадууд банкинд зээлийн төлбөр хийхгүй учраас ирээдүйд тэтгэврийн мөнгө нь тэдний гар дээр захиран зарцуулах боломжтой бэлэн мөнгө болж очно. Өөрөөр хэлбэл нэмүү инфляц гэсэн үг” гэв. Богино хугацаандаа инфляцад дарамт болох нь зайлшгүй бөгөөд энэ удаагийн шийдвэрээс гарах сөрөг үр дагаврууд дунд хамгийн хөнгөн нь гээд нэмээд хэлчихье. 


Үр дагавар 3: Хариуцлагатайг нь торгож, хариуцлагагүйг урамшуулдаг систем Монголыг улам л доош татна. 
Ард иргэд нь санхүүгийн боловсролгүй улсад улс төрчид төрийн эрхэнд удаан тогтох гол хэрэгсэл нь популизм болдог тухай олон судалгаа, эдийн засгийн эрдэм шинжилгээний материалуудад баталдаг. Санхүүгийн боловсролгүй иргэд, байгалийн баялгийн хослол нь урт хугацааны ядуурлын занга болдог тухай "Адагт үлдсэн тэрбум” номд өгүүлсэн нь Монголын өнөөдрийн нөхцөл байдлыг дэргэдээс нь хараад хэлчихсэн мэт. Засгийн Газрын Мэдээ сонин энэ асуудалтай холбоотойгоор өөрсдийн Facebook хуудсаар санал асуулга явуулахад эхний хоёр цагийн дотор 100 гаруй хүн оролцож бодлоо илэрхийлэв. Үүнээс 39 хувь нь "Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх нь зөв” гэж хариулжээ. Олонх нь эсрэг байр суурьтай байгаад баярлууштай ч зээл тэглэх популист бодлогыг дэмжсэн хүний тоо төсөөлснөөс өндөр гарсныг нуух юун. Ер нь ч олон улсын хэмжээнд хийсэн олон туршилт судалгаагаар бэлэн мөнгөний дэмжлэг нь зорилтот бүлэгт урт хугацаанд эерэг нөлөө үзүүлдэггүйг баталсан байд аг. Эсрэгээрээ зүгээр суугаад, мөнгө авах сэтгэлгээг өөхшүүлж, эдийн засгийн бүтээмжийг бууруулсан тухай муу туршлага илүү олныг харах боломжтой аж.  

Үр дагавар 4: Эдийн засагт ашиггүй, үргүй зардлыг 780-аад тэрбумаар нэмнэ 
Нийгмийн эмзэг бүлгийг бус хүн амын тодорхой хэсгийг сонгож халамж олгож байгаа нь анхнаасаа энэ шийдвэр иргэдээ тэтгэж, эдийн засгаа сэргээхэд чиглээгүйг илт гэнэ. Бидний дагаж дуурайх дуртай гаднын орнууд энэ төрлийн дэмжлэгийг хэр хэн зохион байгуулдгийг багахан судаллаа. Хичнээн өндөр орлоготой ч халамж хүртэх шаардлагатай иргэд бүх л оронд байдаг юм болохоор дагаад дуурайчих, сэтгэл байвал алдаа оноог нь судалчих туршлага цөөнгүй байна. Ялгаатай нь Монголоос бусад оронд тэтгэвэр барьцаалсан зээл гэгч огт байх ёсгүй гэж үздэг бөгөөд энэ төрлийн зээл олгодог улс цөөн аж. Тиймээс бэлэн мөнгө тараах ойлголттой дүйцүүлэн харьцуулав. Европын зарим оронд, мөн Африкийн олон оронд бэлэн мөнгө хуваарилах дэмжлэгийн систем үйлчилдэг. Гэхдээ тэд энэ мөнгийг бараг л төсвөөс санхүүжүүлдэггүй байна. Ихэнх тохиолдолд Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагаас, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Google зэрэг томоохон корпорациудын санхүүжилтээр энэ ажлыг хийдэг. Цаашлаад, манайх шиг нийгмийн нэг бүлгийг, тухайлбал сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог бүлгийг сонгож хийдэггүй, харин нийгмийн хамгийн эмзэг бүлгийг сонгож дэмжлэг үзүүлдэг. Тэтгэврийн доод хэмжээ он гараад 300 гаруй мянган төгрөг болж байгаа бол ядуурлын шугамаас доош буюу сард 166 мянган төгрөгөөс бага мөнгөөр амь зогоож буй иргэд нийт хүн амын 30 хувийг бүрдүүлж байгааг эрх баригчид мартсан бололтой. Эсвэл сонгуульд санал өгөхөөс илүүтэй өнөө маргаашаа аргацаахад анхаарч байгаа учраас тэдэнд хамаагүй ч байсан байж болох юм. 

Үр дагавар 5: Өндөр татвар, Засгийн газрын өр, дахин инфляц
Татварын хувь хэмжээ өсөх, Засгийн газрын өр нэмэгдэх, инфляц хурдсах зэрэг нь энэ төрлийн шийдвэрийн зайлшгүй үр дагавар байдаг аж. Үүнийг би биш, АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд дээгүүр өр сөлдөж яваа, тус улсын дэд ерөнхийлөгч асан Жо Байден, өнгөрсөн сонгуульд Ардчилсан намаас хүчтэй өрсөлдөж, олон хийн саналыг авсан ч тойргийн тоогоор ялагдсан Хиллари Клинтон нар анхааруулж байгаа юм. Тэгш бус, нүдээ олоогүй халамжийн бодлого нь урт хугацаандаа эдийн засгийн өсөлт, бүтээмжийг бууруулж, чадвартай боловсон хүчний гадагшлах урсгалыг хүртэл нэмэгдүүлнэ гэж эдийн засгаа урт хугацаанд төлөвлөж, төсөөлж чаддаг орнууд эмээж байна. 
Дүгнэлтийн оронд: АН-ын дарга С.Эрдэнийн Пүрэв гарагт хийсэн мэдээллээс харахад, АН энэ шийдвэрээс буцах магадлалтай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН гагц тэтгэврийн төдийгүй нийт иргэдийн зээлийг тэглэх амлалт өгсөн нь үнэн. Гэвч үүнийг хэрэгжүүлснээс эдийн засагт гарах сөрөг үр дагаврыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хариуцна гэх утгатай мэдэгдэл хийв. Зэрэгцээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүр хавтгайд нь тэтгэврийн зээл олгож, хэрэглээний зээлийг оролцуулаад бусад бүх төрлийн зээлийг тэглэх хуулийн төсөл бэлдсэн тухайгаа мэдэгдэж, бас нэг "эдийн засгийн алуурчин”-ы дүрээр тодров. Тэгвэл эрх баригчдад уснаас хуурай гарахад нь туслах "шипи” өгье. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхийн оронд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай бодитоор нэг бодоод үзээч. Эсвэл тэтгэврийн зээл авах квот тогтоох тухай яриад мартсан ажлаа эргэж нэг хараач. Ажиллаж ажиллаж хуримтлуулсан тэтгэврээ авч амжилгүй "өнхрөөд өгсөн” ахмадуудын зээл өвлөгддөг зохицуулалтыг оновчтой шийдчихээч. Бүр бүдэрсэн дээрээ босъё гэвэл тэтгэврийн зээл гэгч бүтээгдэхүүнийг зогсоочихооч. Тэгж гэмээнэ энэ удаагийн шийдвэр чинь алсаа харсан, эдийн засгийн цогц бодлого болж харагдах гээд байна.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ


0 сэтгэгдэл