Бидний хувьд "Ийм л байх ёстой” гэдэг итгэл үнэмшил, "Шударга ёс”-ны хэмжүүр нь болж байдаг. Тэр итгэл үнэмшил алдагдаад эхлэхээр эхлээд зэвүүцэн дургүйцнэ, тэр муу зүйл үргэлжлээд ирэхээр дуугүй болно, тэр муу зүйл нийгэмд тогтоод ирэхээр дассаар "Байх л ёстой зүйл юм байна” хэмээн хүлээн зѳвшѳѳрнѳ. Гэхдээ тэр муу зүйл ѳѳрийнх нь ажил амьдралд нѳлѳѳлѳѳд эхлэхээр, хүмүүсийн харилцаа үүнийг дагаад худал хуурмаг болоод ирэхээр, энэ бүхний нѳлѳѳгѳѳр таны сэтгэл санаа тайван бус бухимдалтай болоод ирэхээр таны сэтгэл санаа ядарч доройтдог. Хүмүүсийн сэтгэл амар амгалан, тайван байж чадахаа болихоор нийгмийн хэмжээнд чичирхийлэл үүсэх аж, яг л газар хѳдлѳлтийн ѳмнѳх үе шиг. Ѳнгѳрсѳн 20 гаруй жилийн хугацаанд монголчууд бидний сэтгэлгээ ямар муу зүйлд дасч орхио вэ?
Нэг. БИД МОНГОЛЫН УЛСТѲРИЙГ "БОХИР” ХЭМЭЭН БОДОХ БОЛЖЭЭ.
Уг нь "сайн хүн” гэж бодож сонгосон нѳхѳр нь сонгуулийн үеэр жинхэнэ найз шиг дотносож байснаа сонгогдонгуутаа зан нь хувирч "тѳрѳл арилжсан” мэт болоход эхэндээ дургүй нь хүрч байснаа дараа нь "За даа тэгэх ёстой л юм байлгүй дээ” хэмээн бодно. Аажимдаа "За даа энэнээс юу ч гуйх билээ, яршиг цаашаа” хэмээн хэдэрдүүхэн тѳвѳгшѳѳнѳ. Олон олон хүн улстѳрд ороод бохир зүйлтэй хутгалдсаныхаа тѳлѳѳ элдэв хэл аманд ѳртѳхѳд нь "За даа бүгдээрээ адилхан юм шив дээ. Угаасаа улстѳрд орсон хүн болгон элдэв муу зүйлд хутгалддаг юм байна” хэмээн хайнгадуухан эргэцүүлнэ.
Хоёр. ЭРХ МЭДЭЛД ХҮРЭЭД АХ ДҮҮСЭЭ "ѲѲД НЬ ТАТДАГ” ГЭЖ ИТГЭДЭГ
Хэн нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалд очиход нь "За даа эднийхний амьдралд дээшлэх нь дээ” хэмээн атаархангүй бодно. Нээрээ л бодсоноор нь болж тэр нѳхрийн ах дүүс нь албан тушаалд дэвшиж эхлэхэд дотроо дургүй байсан ч "Тэгэх ёстой” мэт хайнгадуухан хүлээн зѳвшѳѳрнѳ. "Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц оршдог” болохоор дуртай ч эс дуртай ч тэднийхэнд долигонож эхэлдэг. Наашаа харж инээх атлаа цаашаа харж нулимна. Эрх мэдэлд хүрсэн хүн болгон ѳѳрийн "гарын хүн” болгон ах дүүс найз нѳхдѳѳ мэдлэг чадварыг нь эс харгалзан янз бүрийн албан тушаалд томилуулж байгаа нь ѳѳрсдийн булхай, луйвраа нууж, "хам хэрэгтэн” болгох үйлдэл мѳн.
Гурав. УЛСТѲРЧДИЙГ ТѲРѲѲС ХУЛГАЙ ХИЙХИЙГ БИД ЗѲВШѲѲРСѲН
Одоо асуудалд ороод байгаа эрх мэдэлтнүүд хэнд ч мэдэгдэхгүйгээр бүхнийг хийж байсан гэвэл худлаа. Хэрэгжүүлэх шатанд нь мэдэж байсан олон хүн "Мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон нь сонсоогүй юм шиг” ѳнгѳрүүлж байсан. Бас цѳѳн биш хүмүүс "хусам”-наас нь хүртэж амаа хамхисан. Яг ѳѳрийнх нь амьдралд, эсвэл ѳѳрийнх нь аминд тулж ирээгүй л бол "Муу юм надаас л холуур ѳнгѳрѳг” хэмээн ханцуйдаа залбираад ѳнгѳрдѳг нь монголчууд бидний муу араншин. Хэн нэгэн асуудлыг босгож ирвэл "Муусайн луйварчингуудыг би мэдээд байсан юм аа” хэмээн хамгийн түрүүнд тэд л хашгирцгаана. Монголчууд бидний аймхай хулчгар, зусар дорой чанарууд улстѳрчдийг даврааж ил тод хулгайлцгаан олон түмнийг "Цагаан цаас” хэмээн тохуурхан нэрлэхэд хүргэжээ.
Дѳрѳв. ХУУЛИЙГ ЗѲРЧИЖ, БАС "АРГАЛЖ” БОЛНО ХЭМЭЭН БИД ИТГЭДЭГ
Нийгмийн халамж үйлчилгээний стандартгүй, хууль дурэм журам нь зѳвхѳн цаасан дээр байдаг монголчууд бидний хувьд бүх зүйлийг "аргалж” болдог гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Машинтай мѳргѳлдвѳл даатгалын газартай холбогдохгүйгээр таньдаг цагдаагаа хайгаад давхичихна. Ямар нэгэн хэрэгт холбогдвол хуулийг судлахын оронд таньдаг мѳрдѳн байцаагч, эсвэл том даргын сайн найзыг сураглана. Ямар нэгэн хэрэгцээ гарвал "Яаж шийдэх вэ?” хэмээн эргэцүүлэхийн оронд шууд л "аргалж” чадах хүнийг хайна. Бие биенээ сүрдүүлэхдээ хүртэл "Би ардаа том татаастай шүү” хэмээн ил тод зарлана. Хуулийн заалт ярьсан хүний ѳѳдѳѳс "Түй май” хэмээн салаавч гаргаж томорно. Цѳѳхүүлээ монголчууд бидний хувьд асуудлыг хууль дурэм журмын дагуу бус таньдаг хүнээрээ дамжуулан шийдэх боломж нь авилгал юм.
Taв. МѲНГѲТЭЙ Л БҮХНИЙГ ШИЙДЭЖ БОЛНО ХЭМЭЭН ИТГЭДЭГ
Материаллаг хэрэгцээгээрээ ѳѳр хоорондоо ил тод ѳрсѳлддѳг монголчууд бидний хувьд "Мѳнгѳ бол Хаан”. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн газраа ѳѳрийн болгон авч байна. Мѳнгѳтэй Хятадын ѳмнѳѳс их мѳнгѳ авилгалд ѳгч байгаад хүссэн лицензээ зѳвшѳѳрүүлж байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хийсэн гэмт хэргээ хэрэгсэхгүй болгож байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн албан тушаалдаа томилогдож чадаж байна. Их мѳнгѳѳр хахуулдаж хүссэн шийдвэрээ гаргуулж дѳнгѳж байна. Их мѳнгѳѳр, их мѳнгѳѳр юун хүссэнээ хийж, хийлгүүлж чадаж байна. Бид ѳѳрсдѳѳ л илчлэхгүй байгаа болохоос авилгалгүй нэг ч салбар байхгүй дээ. Их бага хэмжээгээрээ л ялгарч байгаа болохоос. Наанаа бүгдээрээ "Үлмэдэгч” дүр эсгэж байгаа болохоос "мѳнгѳний боол” болж байгаагаа хүлээн зѳвшѳѳрѳхгүй байна.
…Сүүлийн үед ЖДҮ- ийн асуудлаас болж нийгэм даяараа шуугилаа. Энэ шуугиан бол олон нийтийн дээрх сэтгэлгээний ТЭСРЭЛТ. Хүмүүсийн арга нь барагдаж, тэвчээрийн хүлээс нь алдуурч байна. МАН дотроо задарч байгаа мэт харагдавч эрүүл сэтгэлгээ, дүр эсгэгчдийн ялгарал мэдрэгдэж буй хэрэг. Энэ бүхэнд ѳнѳѳгийн МАН ыг "шившиглэж” байгаа боловч энэ бохир системийн тогтолцоонд МАХН, МАН, АН бүгд ѳѳр ѳѳрийн оролцоотой. Монголын ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэйгээр сонгогдсон Монгол Улсын Ерѳнхийлэгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар бүгдээрээ буруутайгаар барахгүй дахин тэднийг улстѳрд ойртуулж ч болохгүй. Монголын Парламентэд 3 аас дээш удаа сонгогдсон бүх гишүүд буруутай. Тэдний хэнийг нь ч дахин улстѳрд ойртууламгүй. Энэ бохирын тогтолцоог хуулийн шийдвэрээр тэд л хамгаалж босгосон юм.
Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх ЗГ ын асуудал хэлэлцсэн УИХ ын чуулган дээр "Шударга сайн, зоригтой дайчин үг хэллээ” хэмээн хүмүүс баярлаж байна. Сүүлийн 8 жилд монголын Тѳрийг "самарч” орхиод одсон Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдохдоо бас иймэрхүү үг хэлж бид алгаа хорстол ташиж, цээжиндээ омогшин бадарч байв. Үг хэлнээс үйлдэл нь хамгаас чухал. Хичнээн амаргүй байх боловч Ерѳнхий сайд У.Хүрэлсүхийн ѳмнѳ "Ардын баатар” болох, "Адгийн новш” болох хоёрхон л сонголт бий. "Ерѳнхийлэгчээ дэмжье”, "Ерѳнхий сайдаа дэмжье” хэмээн уриалаад байгаа бид нар дээрх сэтгэлгээнээсээ ѳѳрсдѳѳ салж чадвал үүнээс илүү дэмжлэг гэж юу байх билээ. Шударга ёсыг тогтоож, "Хуулийн ѳмнѳ хүн бүр адил тэгш байх” зарчмыг цогцлоож чадвал Ерѳнхий сайд У.Хүрэлсүх ч, Ерѳнхийлэгч Х.Баттулга ч хуулийн ѳмнѳ учирлах цаг нь ирнэ. "Байгуулсан гавьяа нь гай тарьсан балaг”-ийг уучлах шалтгаан болж магад. Хэрхэхийг тэдний ухаан мэдэж дээ. "Монголын заяа” их гэдэг дэмий ч хэлц үг биш байхаа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
0 сэтгэгдэл