Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар салхины хурд 20-40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болсны улмаас нийт 216 гэр, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурж, 4 аймгийн 52 суманд цахилгаан тасраад буй. Харин сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, аюулгүй газарт хүргээд байна.
Онцгой байдлын ерөнхий газар 11 дүгээр сарын 22-ны өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болох талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад "Шуурхай” мэдээг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, "Багц мессеж”-ээр олон удаагийн давтамжтайгаар хүргэсэн. Хүчтэй салхи шуурга Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан.
–Манай газраас цаг агаарын аюултай үзэгдэл болох тухай мэдээг арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн анхааруулсан. Салхины хамгийн их хурд нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиглагдсан. Хамгийн их салхи Говь-Алтайн Бугат суманд үүсч, 40 метр секунд хүрсэн. Өнөө өглөөний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Ойрын гурав хоногт нэлээд хүйтэн байна. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны үед цаг агаарын таагүй нөхцөл үүсэх урьдчилсан мэдээ бий. Арванхоёрдугаар сарын 1-нээс нийт нутгаар хүйтэрнэ.
Үүнд:
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:
-Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн бүх сум, Говь-Алтай аймгийн 5 сум хүчдэлгүй болж, цахилгаан дамжуулах агаарын 13 тулгуур багана унасан тул дээрх аймгуудын хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангах ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг Улсын онцгой комисст мэдэгдэх;
-Цахилгаан дамжуулах тулгуур баганыг сэргээн засварлах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг УОК-ын Ажлын албанд хянуулж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх;
Баян-Өлгий, Говь-Алтай,Ховд, Увс аймгийн Засаг дарга нарт:
-Баруун бүсийн эрчим хүчний системд гэмтэл гарсантай холбогдуулж аймаг, сумдын эмнэлэг, шуурхай албадыг бэлэн байдалд ажиллуулж, цахилгааны нөөц эх үүсвэрийг хэвийн ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
-Шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах;
Бүх аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт:
-Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, эрчим хүчний доголдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд 1мвт , сумдын төвийг 10-50 квт дизель станцтай болгох хөрөнгийг шийдвэрлүүлж гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулж ажиллах;
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд:
-Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, шаардлагатай бол улсын нөөцөөс бараа, материал гаргах, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшинд:
-Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд Онцгой байдлын байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэг болгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 сэтгэгдэл