Б.СОЛОНГО
Олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймгийнхан шинэ Засаг даргаа угтаж аваад тун удаагүй байна. Албаа аваад юун түрүүнд иргэдтэйгээ уулзаж, тэднийхээ санаа бодлыг сонсохыг урьтал болгосон Засаг дарга 20 гаруй хоногийн хугацаанд 700 гаруй хүн хүлээн авч уулзжээ. Шинэхэн удирдлагатайгаа уулзахаар үүдэнд нь дугаарлах нутгийн иргэд, юу юугүй тулсан өвөлжилтийн бэлтгэл гээд ачаалал ихтэй ажлынх нь хажуугаар түүнийг "Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Ховд аймгийн Засаг дарга Батсуурийн Дүгэржавтай уншигч та бүхнийг уулзуулья.
МОТОЦИКЛЬ МӨРӨӨДСӨН МАТЕМАТИКИЙН БАГШ
Мянгад сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг байжээ.
Б.Дүгэржав Ховд аймгийн Чандмань суманд төржээ. Аав, ээж нь оюутан ахуй насандаа түүнийг төрүүлсэн болохоор Дүгэрээ хүү эмээ, өвөө дээрээ долоон нас хүртлээ мал хариулан өсчээ. Ингээд сургуульд орохдоо сая нэг аав, ээж дээрээ Мянгад суманд ирсэн аж. Ховд аймгийн Багшийн их сургуулийг математикч мэргэжлээр суралцаж төгсөхдөө дипломтой, эхнэртэй, хүүхэдтэй болоод амжсан ч ажлын байр олдсонгүй. "Маргааш ямар даалгавартай билээ, хэн багш орох билээ” гэдгээс өөр зүйл боддоггүй оюутан насны амьдрал дуусах дөхөхөд хүү маань хоёр нас хүрчихсэн, би өрх толгойлогч болчихсон байлаа. Харин бүх газар математикийн багштай, бүх бизнес эзэнтэй байсан. Яажшуухан амьдрах билээ гэсэн асуултыг анх удаа тэгэхэд өөрөөсөө асуусан даа” гэж тэрээр дурссан юм. Математикийн багш Дүгэрээ физикийн багш эхнэрээ дагуулаад Ховд хотоос Мянгад сум хүртэл сайхан сэтгэлт жолооч нарын машины тэвшин дээр голдуу дайгдаж аав, ээждээ, хүүдээ очдог байжээ. Тэр үед эхнэртээ "Хоёулаа ажилтай болоод эхний ээлжинд мотоцикль авч унья” гэж хэлж байж.
Удалгүй Мянгад сумынх нь дунд сургуулиас ажилд орох урилга ирж, хоёулаа багш болж ажлын гараагаа эхэлжээ. Дүгэрээ багш аймгийн мэдээлэлзүй, математикийн олимпиадад амжилттай оролцсон ч, математикийн багшаараа ердөө хагас жил ажилласан байна. Учир юу гэвэл сургуулийнх нь захирал түүнийг удирдах чадвартай гэж дүгнэсэн байж. Ингээд долоохон сар ажилласан шинэхэн багш сургалтын менежер болсноор түүний удирдах ажилтны гараа эхэлсэн гэхэд болно. Хоёр жилийн дараа сургалтын менежерээс захирал болж дэвшээд найман жил ажиллахдаа сумынхаа жижигхэн сургуулийг багагүй өөрчлөөд амжжээ. Улсын төсөв хүндхэн байсан тэр үед олон улсын байгууллагуудад уйгагүй төсөл хүргүүлж, хамтран ажиллаж чаддаг байсан тул "Төсөл Дүгэрээ” нэр авсан байна. Үүнийхээ ачаар сургуулийнхаа гар галлагаатай зуухыг бага оврын зуухаар халдаг усан халаалттай болгож, анхны саун, халуун устай, интернэттэй сумын сургууль болж байжээ. Түүнчлэн залуу багш нараа орон сууцанд оруулах гээд сургуулийн захирлаар ажиллахдаа олон ажил амжуулсан байдаг юм байна.
Гэр бүлийн хамт.
УХАМСРЫН ШАНААТАЙ Ч УРАМ ХАЙРЛАСАН ДӨРВӨН ЖИЛ
2008 онд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нь гэнэт утасдан, яаралтай дууджээ. Яваад очтол "За Дүгэржав минь 10 жил хөдөө ажиллалаа. Багш хийж үзлээ, менежер, захирал ч боллоо. Сургуулийн өнгө төрх чинь сайхан болж, шилдэг нь боллоо. Одоо дэвшиж ажилла. Манайд сургалт, аргазүйн алба байгуулагдаж байгаа. Энэ албыг толгойлон ажиллах газрын орлогч дарга хэрэгтэй болсон. Төвд ирж ажилла” гэсэн саналыг тавьжээ. Харин Дүгэрээ захирал хариуд нь "Цалин хэд вэ дарга аа” гэж асуугаад нэг сайн загнуулж авсан гэдэг.
Ингээд "Төр хаана ажиллах үүрэг өгнө, тэнд ажиллах ёстой” гэсэн зарчмын дагуу маргааш нь Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын орлогч дарга гэсэн албыг хүлээн авчээ. Жил гаруй ажиллаад орлогч даргаас газрын дарга болж дэвшин 2012 оны зургадугаар сар хүртэл ажилласан байна. Тухайн үед Ховд аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад 19-21 дүгээр байранд ордог, тааруухан үзүүлэлттэй байжээ. Б.Дүгэржав аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд энэ байр тогтвортой ахисаар 2012 онд улсад дөрөвдүгээр байр эзэлж байжээ. Түүнчлэн газар нь ажил, үйлсээрээ аймагтаа хэд хэдэн удаа тэргүүлж, багагүй амжилт гаргасан байна. Харин энэ амжилтаа тэрээр хамт олных гэж тодотгосон юм. "Удирдагч ганцаар зүтгээд ямар ч амжилт олохгүй. Би зөвхөн өөрөө зүтгэх биш, бусдыгаа үүрэгжүүлж, залж ажиллах арга барилтай. Хамт олон нэг зүгт санаа зорилго нь нэгдэж чадвал заавал амжилт олдог. Манай салбарын хамт олон өнөөдрийг хүртэл сайн баг байсаар байгаа” гэж тэрээр ярилаа.
Боловсролын салбарыг хариуцсан дарга тухайн үедээ хэд хэдэн шинэлэг ажлыг санаачилж байжээ. "Захирлуудын эхнэрийн бизнес” гэж нэрлэж байсан "Үдийн цай” хөтөлбөрийг анх удаа тендерээр шалгаруулав. Хэл ам дагуулсан ч сургуулиудын захирлыг ярианаас салгаж, хүүхдүүдийг шим тэжээлтэй, чанартай хүнсээр хангах том алхам болж чаджээ. Энэ ажил нь Монгол Улсын шилдэг туршлага болж, тухайн үед зэрэгцэн хэрэгжүүлж чадсан Өвөрхангай аймагтай хамтран олон улсын байгууллагын санхүүжилтээр ном гаргаж, салбарын яамаараа дамжуулан бусад аймагтаа туршлага хуваалцсан байна. Гэвч сайны хажуугаар садаа олон хойно ажил далайцтай сайхан явж байтал 2009 оны гуравдугаар сард Ховдын Булган суманд хүүхдүүд үдийн цайндаа хордсон хэрэг гарч орхив. Булган сум нь аймгийн төвтэйгээ зам харилцааны хувьд цас зуднаас болоод гамшгийн байдалд шилжчихсэн үе байж л дээ. Ямар ч машин явах боломжгүй болсон учраас үдийн цайны хүнсийг Хятадын хилээр гарч нийлүүлж байснаас асуудал үүдсэн байна. Тухайн үед аймгийн боловсролын газрынхан Булган суманд очих гэж цас ухаж урагшилсаар хоёр өдөр, хоёр шөнийг барж, гурав дахь өдрөө хүрч байжээ. "Энд сайхан ажил төлөвлөөд явж байтал тэнд хамааралгүйгээр саад гарч болохыг тэгэхэд ойлгож том сургамж болсон. Нэг удаа ухамсрын шанаа авсан шүү” гэж Б.Дүгэржав дарга дурслаа.
Түүний санаачилсан бас нэгэн томоохон ажил нь багш нарын сонгон шалгаруулалт. Өөрөө математикийн багшаар төгсөөд ажил олдохгүй хэсэг явахад баруун таван аймгийн хэмжээнд 800 гаруй багш илүүдэлтэй гэсэн судалгаа байжээ. Сургуульдаа тааруухан төгссөн ч арга зальтай нэгэн түрүүлээд ажилд орчихдог, ижилхэн дипломтой хоёрын хэн нь хичээж суралцдаг байсныг ажил олгогчид ялгадаггүй гээд амьдралд байдаг шалтгаануудаас үүдэн багш нарын сонгон шалгаруулалтыг Ховд аймаг анх удаа хийжээ. Одоо аймаг бүр тус туршлагыг хэрэгжүүлж, Багшлах эрхийн шалгалтыг улсын хэмжээнд авдаг болсон сайн жишиг болсон билээ.
БАРИЛГАЧИН БОЛСОН НЬ
Тэрээр Боловсрол, соёлын газрын даргаас Ховд хотын захирагчаар хэсэг ажиллаад улс төрийн сонгуулийн дүнгээр ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ хугацаандаа авга ахынхаа барилгын компанийг хүлээн авч барилгачин болжээ. Боловсролын хүн дэд бүтцийн салбарт шилжсэн гэсэн үг. Гэхдээ хүндрэл байсангүй. Хөдөөгийн сургуулийн захирлын ажлын тал хувь нь аж ахуйн ажил байдаг гэж тэр онцлов. Дотуур байрны хүүхдүүдээ хоол ундтай байлгах, эцэг, эхийн ёсоор хайрлах, хүмүүжүүлэх, утаа тортогтой зуухаа солих, засвар үйлчилгээ хийх гээд бүх ажил нь аж ахуйн шинжтэй байсан нь барилгын салбарт хальтраад ороход харин ч туршлага болсон гэв. Барилгын салбарт зургаан жил ажиллахдаа Ховдын шинэ дулааны станцын зарим барилга, Мэргэжлийн хяналтын газрын барилга, орон сууцны зориулалтын барилгууд гээд долоогоос найман обьектыг ашиглалтад оруулжээ.
"Энэ хугацаанд би нэг зүйлийг ойлгож авсан. Нийгмийн салбар бол ашгийн төлөө бус ажилладаг. Юмны үнэ цэнийг ажил амжуулснаараа бодож сэтгэж, нүдэнд харагдахгүй ч тоо, чанарын үзүүлэлтээсээ сэтгэл ханамжийг авдаг. Гэхдээ мөнгөөр хэмждэггүй. Харин бүтээн байгуулалтын салбар бол хийж байгаа ажил нь нүдэнд ил харагддаг мөнгөөр хэмжигддэг, хүнийг эвдэж болох салбар. Манай компани жижиг байгаагүй, жилдээ тэрбум гаруй төгрөгийн борлуулалттай ажилладаг байсан. Тиймээс мөнгө олох амархан, мөнгөний үнэ цэнийг мэдрэх өөр юм гэдгийг ойлгосон. Мөнгөтэй харьцахын хэрээр эвдэрчихэж болохгүйг ойлгосон” гэж тэрээр ярьсан юм.
Барилгачин Дүгэрээ төрийн ажлаас түр хөндийрөхдөө сая нэг гэр бүл, үр хүүхдүүддээ гаргах завтай болжээ. Түүний ханийг Г.Мөнгөнсаран гэдэг, физикийн багш мэргэжилтэй. Хоёрдугаар дунд сургуулийн сургалтын менежер хийдэг. Гурван хүү төрүүлж өгсөн. Том хүү нь техникийн их сургууль төгссөн. Дунд хүү нь мөн инженер болох мөрөөдөлтэй. Нисэх, усан загвар сонирхдог. Бага нь энэ жил нэгдүгээр ангийн сурагч. Багш гэр бүл хүүхдүүдээ хэрхэн сурган хүмүүжүүлдэг юм бэ гэж асуухад "Том хүү бол надтай адил явж байгаа. Эмээ, өвөөд нь даатгачихсан. Хоёр багыгаа өөрсдөө өсгөж байна даа. Багш хүний нэг зовлон байна. Өдөржин хичээл сургалт гээд хүүхдүүдтэй ажиллаж ирчихээд дахиад хүүхэдтэйгээ ажиллахаас зайлсхийдэг. Миний хүү хичээлээ хийгээрэй. Сургуулийн захирлын хүүхэд муу сурч нүүр улайлгав гэх маягтай л юм хэлнэ дээ” гээд инээсэн юм. Харин барилгын салбарын ажил өвөл зогсдог болохоор бага хүүдээ овоо цаг гаргаснаа хэлсэн юм. Телевизийн удирдлагаар дамжуулж тоо заагаад л, машиндаа хөгжим дагаж дуулаад л аав хүү хоёр дандаа хамт явдаг гэнэ. Өөрсдийнх нь бага залуу насанд үлгэрлэж байсан шиг даруу төлөв, номхон байх бус хүнтэй тааралдахдаа мэндэлдэг, нээлттэй, асуудлыг зөв талаас нь харж шийдэж чаддаг, өөрийгөө зөв илэрхийлдэг, уур уцаараар биш өөр байдлаар гарц гаргалгааг гаргадаг тийм зан чанарыг нийгэм шаардаж байгаа тул хүүхдүүдээ орчин үеийн энэ шаардлагад нийцүүлэн хүмүүжүүлэх гэж хичээж байгаа ажээ тэд.
ТЭМЦСЭН НЬ ЯЛЖ, ЯРЬСАН НЬ ДУУСДАГ
"Монголын төр намайг өнгөрсөн хугацаанд сайн бэлтгэсэн гэж би боддог. Сургалтын менежер, сургуулийн захирал, газрын дарга гээд өнгөрсөн хугацаанд ажиллахдаа олон эрдэмтэнтэй уулзаж, олон түшээдээс их зүйлийг сурсан. Тиймээс одоо миний хувьд Ховд аймгийн ард иргэдийнхээ төлөө өрөө төлөх цаг болсон. Нийгмийн салбарт сэхээтнүүдтэй, барилгын салбарт ажилчин ангитай ажиллаж үзлээ. Ховд нутгийнхаа ард түмний төлөө сайхан ажиллаад үзье, санаснаа гүйцээгээд үзье гэсэн эр хүний хүсэл мөрөөдөл байна” гэж хүлээж авсан албынхаа талаар хэлэв. Тэрээр аливаа зүйлд нээлттэй байх зарчмыг баримталдаг гэсэн юм. Ярилцаад суухад ч тэр зан чанар нь мэдрэгдэж байлаа.
"Дүгэржав гэдэг хүн ганцаараа бүх зүйлийг хийж чадахгүй. Тиймээс сайн, зөв баг надад хэрэгтэй. Өнөөдөр бид удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг хийсэн. Хүмүүстэйгээ ойлголцох шиг сайхан зүйл байдаггүй. Хаалттай байснаараа хардлагыг төрүүлнэ. Аливаа асуудлыг нээлттэй хэлэлцүүлээд засаад залруулаад явна гэж бодож байна. Юуны түрүүнд эдийн засгийн өсөлт гэхээсээ илүү өмнө үед байсан ард иргэдийнхээ сайхан сэтгэл хүнлэг байдлыг хэвээр нь авч үлдэх юмсан, эерэг хандлагатай болгох юмсан гэдэгт илүүтэй зорьж байна. Ард иргэд төрөөс их юм хүсэхгүй байна шүү дээ. Шударга, зарчимттай байхыг л хүсч байна. Төр бидний бүх хүслийг биелүүлж чадахгүй гэдгийг тэд ойлгож байна. Тиймээс хамгийн түрүүнд шуурхай авч хэрэгжүүлэх ажил бол аймгийн төрийн байгууллагууд иргэдээ "Сайн байна уу” гэдэг үгээр угтаж, "Баяртай, баярлалаа” гэж үднэ. Худлаа амлахгүйгээр нээлттэй байя. Бантангийн мах, гурилтай байж айлаас зээлээд өдөр бүр хуушуур, бууз идээд байж болохгүй. Үнэнээ л хэлье. Ойрын үед бантангаа л идэх нь байна шүү. Хэдүүлээ хамтарч ажиллаад, гэр маань орлоготой болж хангалттай цуйван идэх цаг ирнэ. Та бүхэн минь хичээгээрэй, би бас хичээе. Ийм л зарчмаар ажиллана даа. Иргэдтэйгээ ажиллаж, санаа бодлыг нь зөв тийшээ чиглүүлэх нь эхний хийх ажил гэж бодож байгаа” гэсэн юм. Түүний хувьд нээлттэй байхаас гадна сэтгэлгээний хурдтай, өндөр гүйцэтгэлтэй ажиллахыг чухалчилдаг аж. "Тэмцсэн нь амжилтад хүрч, ярьсан нь юу ч үгүй хорвоог дуусгадаг” гэдэг зарчмыг баримталж аливаа зүйлд дайчин, хурдтайгаар, тууштайгаар зүтгэдэг гэж найз нөхөд, хамт олон нь үнэлдэг ажээ.
Ярилцлагын төгсгөлд Б.Дүгэржав дарга нэгэн нууцаа хэлсэн юм. Тэрээр Боловсрол, соёлын газрын даргаар ажиллаж байхдаа монгол хөөмийг Гиннесийн номонд бүртгүүлэх зорилгоо биелүүлэх боломж гараагүй аж. Харин одоо сум бүрт хөөмийн багш бэлтгэж мянган хүнийг зэрэг хөөмийлүүлэн Ховд аймгаас үүсэн гарсан энэхүү гайхамшигтай өв соёлыг Гиннесийн номонд бүртгүүлэхээр зорьж байна гэлээ. Одоо шууд гаргаад хөөмийлүүлэхэд 300-400 хүн аймагт нь бэлэн байгаа гэсэн юм. Ийнхүү 10 гаруй ястны өлгий нутаг болсон аймгийнхаа брэндээр хөөмий, бий биелгээ, уран нугаралт зэрэг дэлхийд гайхагдсан өв соёлоо тунхаглаж, аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох зорилт тэнд байна. Түүнчлэн Орос, Хятадыг холбосон бүс нутгийн зангилаа төв, хүнд, хөнгөн үйлдвэрийн аж үйлдвэрийн томоохон паркуудтай болж, баруун бүсийн эрчим хүчийг дангаараа хангадаг, зам тээврийн ложистик аймаг болсон, аялал жуулчлалын салбартаа түшиглэсэн ногоон эдийн засгаа хөгжүүлсэн хөгжингүй аймгуудын нэгээр ирээдүйгээ харж байгаагаа шинэхэн Засаг дарга нь ярилаа. Харин тэр үед бид утаа, хог хоёроосоо салсан байх ёстой гэснээр бидний ярилцлага өндөрлөсөн билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
0 сэтгэгдэл