|

ХҮНСНИЙ ДАЙН

 
Нууц зэвсэг
 
Хүн төрөлхтөн суурьшин амьдарч ирсэн цагаас эхлэн хүнс, хоолоо муутгалгүй, удаан хадгалах арга чарга хайсаар иржээ. Эхлээд утаж дараа нь давс, цуу ашиглаж байсан бол орчин цагт бүтээгдэхүүний чийгийг шимэх, хувийг нь багасган хадгалах, исэлдэх явцыг нь дарангуйлах, ялгах үйлчилгээтэй төчнөөн олон химийн бодис
ашиглах болжээ.
 
hj(1) Хүнсний дайн
 
Эдгээр бодисыг хүнсний бүтээгдэхүүнийг физик, химийн шинж, хэлбэр дүрс, шим тэжээлээ богино хугацаанд алдахаас сэргийлэх зорилгоор зохион бүтээсэн нь мэдээж. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг үндсэндээ 2 янзаар уртасгадаг.
 
1. Хүнсний бүтээгдэхүүн амт, үнэр, чийг, тослог, нүүр-ус зэрэг шимт чанараа хэвээр нь хадгалж байхаар хадгалах хугацааг нь уртасгах
 
2. Хүнсний бүтээгдэхүүний шимт чанарыг тэр чигээр нь сүйтгэж, зөвхөн хэлбэр төдий үлдээх. Ийм аргаар хадгалах хугацааг нь уртасгасан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглодог.  Ингээд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгаж буй үндсэн хэдэн аргыг тухай өгүүлье.
 
- Консервант. Хүнсний бүтээгдэхүүний бичил орчны өсөлтийг зогсоох замаар хугацааг уртасгадаг, хүнсний давс, цуу, этилийн спиртээр бэлддэг бэлдмэл. Хүн төрөлхтөн эртнээс хэрэглэж ирсэн харьцангуй аюул багатай арга юм. Энэ бэлдмэл нь усанд уусдаггүй.
 
- Дифенил, химийн нэгдэл (Е230). Нян устгах хүчтэй үйлчилгээтэй, ургамлын өсөлтийг зогсоодог. Алим, жүрж, лийрийг эл нэгдэлд дүрэхэд гадар нь шинэхэн мэт  удаан хугацаанд гялалзан харагдана. Энэ бодисыг дуранбайгаар харахад өнгө, өнгийн талст хэлбэртэй харагддаг хэдий ч хүнсний үйлдвэрүүд өнгөгүй юм уу, цагаан өнгөтэйг нь ашигладаг, усанд муу уусдаг ч байгалийн бусад нэгдлүүдтэй амархан нэгддэг.
 
Хор, хөнөөл нь хүний биед хорт хавдарын голомт бий болгох, өдөөдөг болохыг шинжлэх ухаан хөдөлшгүй тогтоосон. Энэ бодис яагаад ийм хортой байгаа шалтгаан нь газрын тосны шаараас гаргаж авдагт байгаа болно. ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм бодисоор бэхжүүлсэн хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглосон.
 
- Ортофенилфенол, химийн нэгдэл (Е231), +57 хэмд хайлдаг, цагаан талст хэлбэртэй бодис, дунд зэргийн аюултай. Хүнсний бүтээгдэхүүний гадар өнгийг хэвээр хадгалах, нян, бичил биетэн халдварлахаас сэргийлэх зорилгоор  ашигладаг.
 
Энэ бодисыг хүнсний наймаа эрхлэгчид ганц жимс, мөөг рүү цацаад зогсохгүй бүтээгдэхүүнийг хол газар, удаан тээвэрлэхийн тулд хайрцаг сав  руу нь ч цацдаг.Хор хөнөөл нь мэдрэлийн тогтолцоо хүчтэй цочирч татах, улмаар цус харвах, арьс салст, улайж үрэвсэн, түлэгддэг. Хор хөнөөл нь гүйцэд судлагдаагүй учир үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй, холоос ирсэн жимс, хүнсний ногоог сайн угааж хэрэглэхийг эрдэмтэд зөвлөдөг.ОХУ болон Украйны нутаг дэвсгэрт энэ бодисыг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглодог.
 
- Ортофенилфенол, натрийн давс (Е232), хор аюул нь дунд зэрэг, жимс, хүнсний ногооны хадгалалтыг уртасгах зорилгоор, химийн аргаар гаргаж авсан бодис. Жүрж, алим, лийр, усан үзэм, тарвас, хулуу, мөөг зэрэг жимс, хүнсний ногооны доторх зөөлөн эдийг шинэ мэт харагдуулах, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор ашигладаг. Ийм бодисоор шүршсэн жимс, жимсгэнэ, хүнсний ногоог их хэмжээгээр хэрэглэвэл нүд хүнд гэмтэх, арьс салст түлэгдэх аюултай, бага хэмжээгээр хэрэглэвэл  хордлого өгч, амьсгалын зам гэмтдэг.
 
- Калийн бромид. Химийн томъёо нь KBr,  хүнсний ногоо, жимсний хугацааг уртасгахын тулд угаадаг. Ийм бодисоор угаасан хүнсний ногоо, жимс, жимсгэнийг удаан хугацаагаар хэрэглэсэн хүн  ханиалгах, мартамхай болох, гиюүрэх, огцом турах, арьс салстан дээр нь шалтгаангүй тууралт гарах, батгаших, амархан харшдаг болох шингэн алдах зэрэг өвчин тусна.
 
- Антиоксидантын бордоо. Шош, байцаа, вандуй, улаан манжин зэрэг хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэхийн тулд ашигладаг. Ургацаар дамжин хүний биед шүүгдэлгүй шууд шингэдэг. Мөн жимс, жимсгэнэ, ногооны хадгалалтыг уртасгахын тулд исэлдэх явцыг нь дарангуйлах зорилгоор ашигладаг.Энэ бодисын гол үйлчилгээ нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоог агаартай урвалд орж исэлдэх замыг хаадаг бөгөөд энэ бодисыг хир их хэмжээгээр хийнэ тухайн бүтээгдэхүүнийг  төдий чинээ урт хугацаанд хадгалж болдог.
 
- Бутилгидрокситолуол Е321. Мөн адил жимс, жимсгэнэ, ногооны урвалд орох явцыг саармагжуулж, удаан хадгалах зорилгоор ашигладаг бодис.Хорт хавдар үүсгэдэг.
 
- Пектин. Энэ бодис нь жимс, жимсгэнэ, ногооны гадарга дээр торлог бүрхэвч үүсгэж, хадгалалтыг уртасгадаг. Бусад химийн нэгдлээс ялгаатай нь энэ бодист хүний шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, цацраг туяаны хордлогыг шүүх зэрэг сайн тал байдаг ч цайр, төмөр магни, манган зэрэг хүнснээс авдаг ашигтай элементүүд болон уураг, өөх тосны шингэцийг багасгаж, хүний бүдүүн, нарийн гэдсэнд хоол хүнс исэлдэх явцыг хэт ихэсгэж, гэдэсний хэмжээг томруулдаг. Харамсалтай нь энэ бодисын ашигт чанарыг хүртэхийн тулд жимс ногоог кг, кг-аар нь идэх хэрэгтэй болох бол сөрөг нөлөө нь хэдхэн мг хүний биед нэвтрэхэд л илэрнэ.
 
- Парафин буюу нүүрстөрөгчийн хольц. Жимс, жимсгэнэ, ногооны шингэнийг алдагдуулахгүй, үнэр, шинэхэн байдлыг нь хадгалах зорилгоор ашигладаг бодис. Энэ бодис нь жимс, жимсгэнэ, ногооны шингэнд нэвчин хүн идэхэд шингэний хамт ходоод руу ордог бөгөөд газрын тосны шаараас гаргаж авсан энэ бодисыг хүний биед элгийг эс тооцвол задалж, шингээх өөр эрхтэн байхгүй юм.
 
1930-аад онд Америкийн ХАА-н бизнес эрхлэгчид эл бодисоор угаасан хүнсний бүтээгдэхүүн худалдах болсноос хойш богино хугацааны дотор олон тооны үл мэдэгдэх өвчин бүртгэгдэж эхэлжээ. Нэгэнт биед орсон энэ бодисыг гадагшлуулах ганц арга нь 24-36 цаг мацаг барих юм.
 
- Зарим антибиотик. (хлортетрациклин, чацарганы хүчил, низин). Хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ муудахаас хамгаалах зорилгоор ашигладаг. Чацарганы хүчил. 25 мг-аас дээш хэмжээтэй хүний биед хуримтлагдвал харшил өгч, арьс салст туурч улмаар биен дэх В12 амин дэмийг устгадаг. Үүний улмаас хүний мэдрэлийн торлог бүрхэвч гэмтэж, үхэлд хүргэдэг. ОХУ, Украйн зэрэг улсад эмчийн заавраар хүнсний нэмэлтээр хэрэглэхийг зөвшөөрдөг бол Австралид хориглодог.
 
2016 онд ОХУ-ын "Оюутны эрдэм шинжилгээний форум” эрдэм, шинжилгээний хөтөлбөрт оролцогчид Москва хотын 3 зах дээр жимс, жимсгэнэ, хүнсний ногооны хадгалах хугацааг ямар аргаар нэмэгдүүлсэн болохыг судалж үзэхэд бромид калиг хэрэглэсэн бүтээгдэхүүн таараагүй, пектинээр угаасан бүтээгдэхүүн маш их байжээ. Гэтэл пектиний судалгаа одоо хүртэл дуусаагүй, хор хөнөөл, ашиг тусын аль нь давуу болох тухайд эцсийн дүгнэлт гараагүй байдаг. Дээрх химийн бодисууд нь маш хямд байгаа нь судлаачдын түгшүүрийг төрүүлсэн байна.
 
Манайд нөхцөл байдал ямар байгаа, хүнсний импортын 70-аас дээш хувийг эзэлж буй Хятадаас оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, мөөгний хадгалалтын хугацааг нэмэгдүүлсэн аргад хийсэн эрүүл, ахуйн шинжилгээний дүнгийн талаар мэдээлэл хайгаад олсонгүй. Улаанбаатарын аль ч зах, дэлгүүрээр орсон дөнгөж хураасан мэт импортын жимс, жимсгэнүүд лангуун дээр гялалзаж харагддаг. Гэтэл бараг 2000 км-ээс, хичнээн хоноод ч юм ирж байгаа бүтээгдэхүүнүүд шинэхэн мэт байгааг дээрх химийн аргаар хугацааг нь уртасгасны үр дүн гэж шууд хэлнэ.
 
Хамгийн ихээр зарагддаг жимс, жимсгэнийн хадгалах хугацаа гэтэл ийм ахар байдаг.
 
gjhg Хүнсний дайн
 
Дээрх бодисуудын хор, аюулыг та анхааралтай уншсан бол "хорт хавдар”, "хэт таргалалт”, "харшил”, "мэдрэлийн гажиг, сэтгэл гутрал” гэсэн байна. Монгол Улсад сүүлийн 20 жилд огцом нэмэгдсэн, Халдвартын эмнэлгийн энэ их ачаалал, хорт хавдраар нас барагсдын огцом өссөн тоо, жил ирэх тусам ихэсч буй элдэв харшил, сэтгэцийн өвчин, нүдний шилтнүүдийн цуваа, надаас эхлээд хаа сайгүй таарах "гүзээбаатарууд”-ын өвчний шалтгаан энэ химийн аргаар хугацааг нь уртасгасан хятад хүнснээс болж байгаа юм биш биз. Зөвхөн 2000 оноос хойш л байдал ийм болчихоод байгаа шүү дээ.
 
Манай жанжин хэн бэ?
 
Мэдээж улс оронд аюул тулгарсан бол сөрөн зогсох нь зүй ёсны хэрэг. 1939 онд арми энэ үүргийг биелүүлсэн бол өнөөдөр МХЕГ үүрнэ. Энэ байгууллагад ард иргэддээ аюулгүй хүнсний талаар ойлголт өгч, соён гэгээрүүлэх буюу ухуулах ойлгуулах үүрэг бий гэж бодно. Нэгэнт бид жимс, хүнсний ногоогоор өөрсдийгөө хангаж чадахгүй байгаа юм чинь Хятад бусад улсаас хүнсээ авдгаараа авъя.
 
Гагцхүү хил дээр орж ирэхэд хийдэг шинжилгээн дээрээ нэмээд ямар аргаар хадаглах хугацааг нь уртасгасан болохыг тодорхойлж, дагавар тодорхойлолт үйлдэж, лангуун дээр  ирэхэд нь хуулбар нь хамт ирдэг хэлбэрт шилжүүлэх. Улмаар тэр хугацааг нь уртасгасан аргын сайн, муу, хүний биед хэрхэн нөлөөлдөг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд сайтар ухуулан ойлгуулж байх. Бидний зүгээс бол манай бүтээгдэхүүнийг заавал аваач гэхгүй,  гагцхүү хятад мөөг авахдаа энэ мөөгийг ийм удаан хадгалж болдог билүү, үгүй бол яагаад муудалгүй байгаад байна вэ гэдгийг бодож үзээсэй гэж хэрэглэгчдээсээ хүснэ.
 
Г.Чойжилсүрэн

1 сэтгэгдэл