|

М.Мөнхжаргал: Давсганд агуулагдаж байгаа нян өгсөх замаар бөөрийг үрэвсүүлнэ

 М.Мөнхжаргал: Давсганд агуулагдаж байгаа нян өгсөх замаар бөөрийг үрэвсүүлнэ
Энэ удаагийн эрүүл мэндийн зөвлөгөө ярилцлагаар Сонгдо эмнэлгийн бөөрний мэс заслын эмч М.Мөнхжаргалтай ярилцлаа. Түүний хувьд энэ чиглэлээр 20 орчим жил ажиллаж байгаа юм.
 
-Эмэгтэйчүүд, эрчүүдийн дунд бөөр шээсний замын өвчлөл нэмэгдэж байгаа статистик судалгаа бий. Үүний шалтгаан юу вэ?
 
-Эмэгтэйчүүд мэдэж байх ёстой нэг чухал асуудал бий. Энгийнээр, ойлгомжтой тайлбарлахгүй бол охид, бүсгүйчүүд эвгүйрхэх магадлалтай. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү бөөр, шээсний замын өвчлөлөөр өвчилдөг нь эрхтэн тогтолцоотой холбоотой юм. Эрэгтэй, эмэгтэй хүний гадна бэлэг эрхтний бүтэц өөр байдаг. Эмэгтэй хүнд гурван сүв бий. Үүнд шээсний сүв, үтрээ, хошного багтдаг. Харин эрэгтэй хүн хоёр сүвтэй. Өвчтөнүүдийн шинжилгээний дүнгээс харахад ихэвчлэн хошного орчмын ялгадас, түүгээр дамжин халдварлагдсан ямар нэгэн халдвар шээдэг сүв буюу давсаг руу орж шээсний замын халдвар үүсгэдэг. Мэргэжлийн хэлэнд өгсөх замын халдвар гэдэг. Өгсөх замын халдвараар өвчилсөн эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөр, найз залуугаа буруутгадаг. Гэтэл шээсний замын өвчлөлөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн 80 хувьд нь гэдэсний савханцраар үүсдэг халдвар илэрдэг. Энэ нь өөрөө өөрөөсөө халдвар авсан гэсэн үг. Монгол Улс төдийгүй Франц, Итали гэх мэт хөгжингүй оронд ч энэ үзүүлэлт адилхан байна.
 
-Энэ төрлийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
-Эмэгтэй хүн бие засахдаа зориулалтын салфетка хэрэглэдэг. Гэтэл салфетка хэрэглэх нь гол биш юм. Хамгийн гол нь аль чиглэлд арчиж байгаа вэ гэдгээс халдвар, нян дамжих эсэх нь хамаарна. Урдаасаа хойш арчих ёстой. Гэтэл хойноосоо урагш арчиж нян, вирусийг шээсний сүвний амсарт авчрах нь өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй. Энгийнээр хэлбэл хошногоноос дамжсан халдвар шээсний сүвээр орвол өвчлөл үүсгэнэ. Цаашлаад давсгаас халдаж бөөрийг ч өвчлүүлэх эрсдэлтэй.
Тэгэхээр эмэгтэйчүүдийн шээсний замын халдварт өвчлөлийн 80 хувь их энгийн зүйлээс хамаарч байна. Үүнийг эмэгтэй хүн бүр мэдэж байх хэрэгтэй. Өтгөн, шингэнээ биеэс гадагшлуулсан бол урдаасаа хойш чиглэлд арчих ёстой юм. Залуу бүсгүйчүүд болон цэцэрлэгийн насны охидод ээж нь тайлбарлаж өгөх, ойлгуулах шаардлагатай. Үүнийг тухайн эмэгтэйг ичээхгүйгээр тайлбарлаж, чухал асуудал гэдгийг ойлгуулах нь чухал.
 
-Циститийг гэрийн нөхцөлд уламжлалт аргаар эмчлэх тохиолдол элбэг байдаг. Халуун ууранд суух нь хэр үр дүнтэй арга вэ?
 
- Циститээр гурван настай охин хүртэл өвдөж байгаа нь харамсалтай. Тиймээс зөв дадлыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд циститээр өвчиллөө гэхэд хүмүүс их "мэдэмхийрч" дурын эмчилгээг нэг, нэгэндээ санал болгодог. Ялангуяа хөгшин настай хүмүүс  "халуун цайны ууранд суучих миний хүү” гэж зөвлөдөг. Энэ бол хамгийн буруу эмчилгээ. Яагаад гэвэл тухайн үедээ түр зуур өвдөлтийг дардаг. Халуун цайны ууранд суусны дараа өвчин намдлаа гэдэг. Гэтэл энэ бол дараагийн том давалгаа ирэх гэж байгаагийн өмнөх түр зуурын намуухан байдал гэсэн үг. Өвчин улам хүндэрнэ. Түр зуурын өвчин намдаахын оронд их шингэн зүйл ууж биеэс нянгаа гадагшлуулах нь илүү үр дүнтэй.
 
-Бөөр өвдлөө, унжлаа гэхэд эмчид хандалгүйгээр бүс зүүдэг. Нэг талаар сайн баадагнаж боохыг зөвлөх тохиолдол бий. Энэ нь зөв үйлдэл мөн үү?
 
-Үүнийг ямар  хүнд зөвлөж байгаагаас хамаарна. Бөөрийг дарж шахаж байгаа эрхтнүүдийн даралт багасах эсвэл өндөр өсгийтэй гутал өмсдөг, үсэрч харайдаг хүний бөөр унжиж эхэлдэг.
 
-Өндөр өсгийтэй гутал бөөрөнд муу юу?
 
- Өндөр өсгийтэй гутал байнга өмсөх буруу. Өндөр өсгийтэй гутал дээр өдөрт гурван цагаас дээш хугацаагаар явахад хэдэн жилийн дараа бөөр, нурууны өвчлөлтэй болно. Ажлын шаардлагаар өдөрт зургаа болон түүнээс дээш цагаар өсгийтэй гутап өмсөх шаардлагатай бол заавал нуруугаа амраах ёстой. Ядаж л гучин минут гутлаа тайлж, дээшээ харан хэвтэж нуруугаа амраах хэрэгтэй. Залуу насандаа өсгийтэй гутал удаан өмссөн ч нуруу, бөөр өвдөхийг анзаарахгүй байж болно. Гэтэл тухайн насан дээрээ хөөрхөн харагдаж байна гээд гурав, дөрвөн жилийн дараах эрүүл мэндээ анхаарахгүй байна гэдэг буруу. Нэг талаасаа өсгийтэй гутал дээр байнга зогсох шаардлагатай ажилтнуудад ажил олгогчийн зүгээс нуруугаа амраах амралтын цаг өгөх хэрэгтэй. Гурван цаг өсгийтэй гутал дээр зогсоож ажил хийлгэсэн бол гучин минут хэвтэж амруулах нь зүйтэй. Ажил мэргэжлийн онцлог байж болох ч эмэгтэй хүний эрүүл мэнд чухал. Эмэгтэй хүнийг өсгийтэй гуталтай удаан зогсоож ажиллуулсан бол амраая гэж хэлэх нь насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг эсэргүүцэхтэй адилхан, Ирээдүйд эх болох охид, эмэгтэйнүүд нуруу, бөөрний өвчлөлтэй болбол хэцүү. Өсгийтэй гутал дээр удаан хугацаанд явсны дараа хөлөө хана руу дээш жийж тавьж 10 минут хэвтэж болно, Энэ нь нурууны амралт болно.
 
-Давсаг чанга болон давсаг сул гэдэг ойлголт байдаг. Ямар нөхцөлд хүний давсаг сулардаг вэ?
 
Ариун цэврийн өрөө рүү байнга гүйдэг хүнийг давсаг султай гэж хэлдэг. Давсаг султай хүн муухай гэсэн сэтгэлгээ бидэнд суучихсан санагддаг. Жишээлбэл, хэдэн найз хүүхнүүд кафед суугаад шингэн зүйл уунгаа хуун хөөрч байна гэж бодъё. Гэтэл нэг найз хүүхэн нь бусдаасаа илүү олон ариун цэврийн өрөө орлоо гэж бодоход "манай энэ давсаг султай гэж" хэмээн дооглож болохгүй. Бодит байдал дээр суугаад үлдсэн нь илүү бөөрний өвчлөлтэй байх магадлал өндөр.
 
-Яагаад...?
 
Шээс бол хүний биеэс гадагшилж байх ёстой хаягдал. Тиймээс бохироосоо хурдан ангижирч байх ёстой гэсэн үг. Жишээлбэл, өдрийнхөө хоолыг хогийн саванд хийгээд хонуулах юм бол таагүй зүйл болно. Шээс бол хог. Тэгэхээр тэр хаягдлыг давсаг дотроо долоон цагаас дээш хадгалж болохгүй. Давсаг чангатай бол мундаг гэсэн ойлголт бол буруу. Ариун цэврийн өрөө рүү богино хугацаанд олон удаа гүйдэг бол давсаг, бөөрний асуудаптай гэсэн үг ч биш. Ус хүний биед хамгийн чухал. Усны хэрэглээ тухайн хүнд зохицсон байх ёстой. Ус илүү хэмжээгээр уух буруу. Биед байх ёстой давс, усны хэмжээ гэж бий. Давсны зөв хэрэглээтэй үед ус хүний биед шингэж шээсээр дамжиж гардаг. Хоёр литр ус уусан үед хоёр литр шээс гадагшлуулж байх ёстой. Нэг удаа 500 гр-аар шээс гадагшлуулдаг гэж үзвэл өдөрт 4-5 удаа хөнгөн бие засаххэрэгтэй. Гэтэл шингэн зүйл уухгүй байж их хэмжээгээр бие засах нь бас асуудал байна гэсэн үг. Хэдий хэмжээний шингэн ууна, төдий хэмжээний шингэн гадагшлуулах ёстой. Давс огт хэрэглэхгүй үед ус биед хадгалагдахгүй. Биеэр урсаад гарна. Бие махбодийг цэвэрлээд гадагшилна гэсэн үг юм. Шингэн их ууж шээсээ их гадагшлуулна гэдэг бөөр давсгаа цэвэрлэж буй хэрэг юм. Хэрвээ ямар нэгэн байдлаар давсаг, бөөрөнд нян орж ирсэн бол бие өвчилж эхэлнэ. Харин түүнийг ус уугаад шээс үүсгээд биеэс гадагшлуулж болно гэсэн үг. Шээс биед удах тусам тэнд нянгууд үржинэ. Тиймээс шээсийг биеэс хурдан гадагшлуулах хэрэгтэй. Шээсээ барих нь сөрөг үр дагаварт хүргэдэг. Шээс хурсэн даруйд гадагшлуул. Өлссөн даруйд ид. Нойр хүрсэн уед унт. Хүн энэ гурван дүрмийг баримталбал эрүүл байна.
Нойр хүрч байх үед унтахгүй бол хэсэг хугацааны дараа сэргэдэг. Шээс хүрч байх үед тэвчээд байвал хэсэг хугацааны дараа шээс хүрэхээ больдог. Энэ нь давсагны дотор байдаг шээлгүүрийн цорго нээгдэж түүгээр шээс дээшээ бөөр рүү гүйчихдэг. Энэ үед шээс хүрэх нь зүгээр болчихлоо гэж андуурдаг. Ийм байдал олон удаа давтагдвал давсаг-шээлгүүрийн сөөргөө хэмээх өвчнийг өөрөө өөртөө үүсгэж байгаа нь тэр. Залуу насанд эдгээрийг тоодоггүй. Гэхдээ дараа үр дагавар нь хэдэн жилийн дараа гэхэд л ирдэг. Энэ бол физиологи. Мэдрэлийн ядаргаанд орно. Ажлын бүтээмж муудна. Эрч хүчгүй болно. Бэлгийн харьцааны хямралд орно. Анхаарал төвлөрөл буурна. Энэ өвчлөл Монголд ихэссэн. Хүн оройтлоо гэхэд 11 цагт унтаж байх ёстой.
 
-Бөөрний чулуу гэдэг өвчний талаарх ойлголтыг манай уншигчдад өгнө үү?
 
- Бөөрний чулуу гэдэг өвчинд бөөр шээсний замд чулуу байрлах, чулуутай холбоотой даган гарч буй хүндрэлийг хамсруулан ойлгох учиртай. Бөөрний шингэн байрладаг хэсэг болон бөөрний хөндийд шээснээс үүссэн чулуу байрлах нь бий. Энэ өвчин архаг удаан явцтай, тухайн хүний биеийн байдлаас болоод чулууны ургалтын хугацаа өөр өөр байх нь бий. Хүний идэж ууж, хэрэглэж буй бүтээгдэхүүн, биед байгаа биологийн идэвхт бодисууд, химийн микро элементүүдийн бүтцээс хамаараад чулууны төрөл, бүтэц хүртэл өөр байдаг. Үүнээс шалтгаалаад гарах үр дагавар ч өөр байх жишээтэй. Бөөрний чулуу өвчний талаарх судалгаа шинжилгээ хангалттай хийгдсэн. Бөөрний чулуу өвчний ямар үед ямар менежмент шаардлагатай вэ гэдэг өнөөдөр чухал сэдэв болоод байна. Энэ өвчин ямар улиралд сэдэрдэг вэ, ямар ажил алба эрхэлдэг хэдий хэр насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэж байна вэ гэхчилэн мэдээллийг хүмүүст өгөх шаардлагатай байгаа юм.
 
 
"Сонгдо" эмнэлгийн бөөрний мэс заслын эмч М.Мөнхжаргал

0 сэтгэгдэл