|

Ганжуур судлаач эрдэмтдийн олон улсын хурал эхэллээ


Ганжуур судлаач эрдэмтдийн олон улсын хурал эхэллээ

 

"Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурал өнөөдөр эхэллээ.  ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болж буй уг хуралд дотоод, гадаадын 36 ганжуур судлаачын илтгэлийг хэлэлцүүлэх юм. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2015-2017 онд хэрэгжүүлж буй "Монголчуудын эртний оюуны өв Ганжуур, Данжуур судруудыг орчин цагийн монгол хэлнээ  хөрвүүлэх их хөтөлбөрийн суурь судалгаа” төслийн хүрээнд энэ хурлыг зохион байгуулж байгаа юм. Бурханы шашны их хөлгөн судар Монгол бичмэл, дармал Ганжуурын түгэн дэлгэрсэн байдал, орчуулга, хөрвүүлгийн тухай шинэ мэдээ баримтуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, Монгол Ганжуурыг түүх, гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиолын үүднээс судалсан үр дүнгээр сэдвийн судалгааг баяжуулах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулах нь хурлын гол зорилго юм.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байгаа ажээ.

"Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хуралд: 

  • Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн,
  • Хэл зохиолын хүрээлэн,
  • Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн,
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим,
  • Философи, Шашин судлалын тэнхим,
  • Монголын Үндэсний Номын сан,
  • "Цогт Цагийн хүрдэн соёлын төв”,
  • Зүүн хүрээ Дашчойлин хийд,
  • Зүүн хүрээ коллеж; ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн,
  • Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн,
  • Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн,
  • А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэн,
  • Санкт-Петербургийн Улсын их сургууль,
  • Халимагийн Улсын их сургууль,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль,
  • ӨМӨЗО-ны Номын сан,
  • АНУ-ын Калифорнийн их сургууль,
  • Казахстан улсын Назарбаевын их сургууль,
  • БНУУ-ын Өтвөш Лорандын их сургууль,
  • БНПУ-ын Варшавын их сургууль,
  • БНЧУ-ын Карлын их сургууль,
  • ИБУИНВУ-ын Кембриджийн Их сургууль,
  • ХБНГУ-ын Улсын Төв Номын Сан,
  • Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль,
  • Отани их сургууль зэрэг байгууллагыг төлөөлсөн дэлхийд нэртэй эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэнэ.
  • "Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” (К.В.Алексеев, ОХУ)  үндсэн илтгэл болон "Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудын тухай” (А.Д.Цендина, ОХУ), "Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай товч мэдээ” (Такаши Мацүкава, Япон улс), "ХХ зууны эхээр япончууд Монгол Ганжуурыг эрэн сурвалжилсан нь: Эзэн хааны их сургуулийн "мартагдсан” Ганжуурын тухай” (Наками Тацуо, Япон улс), "Монгол Ганжуурыг хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь”(Михаэл Балк, ХБНГУ), "Цогт цагийн хүрдэн нэрт дандарисийн хаан” ба "Хутагт дээдийн номыг дурдахуй ойр агуулахуй" судруудын хэл шинжлэлийн  харьцуулсан судалгаа”  (Весна А.Валлас, АНУ), "Ганжуурын орчуулгад Ширээт гүүшийн оруулсан хувь нэмэр”(Д.Бүрнээ, Монгол улс  зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэх юм.
  • "Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” олон улсын хурлын хүрээнд маргааш 14.00 цагт Үндэсний номын санд "Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүдийг үзэгчдийн хүртээл болгоно.

5 сэтгэгдэл