|

Ирэх онд цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

Ирэх онд цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

 

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Батболд, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эмч, багш нар цалин урамшууллаа нэмэгдүүлэх шаардлага тавьж жагсч эхэлснийг онцлоод Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, МАН-ын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй байхаар тусгасныг биелүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сонирхож байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас татварын бааз сууриа өргөжүүлэх, шинэчлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн тайланг энгийн болгох, татварын дарамтыг бууруулах бодлого барьж байгааг онцлохын зэрэгцээ 2019 онд нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж, нэмэгдүүлнэ гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуусаа төрийн бодлогоор дэмжих шаардлагатайг анхааруулсан бол УИХ-ын гишүүн Д.Ганболд агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй арга хэмжээ авах эсэхийг тодруулсан. "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй залуусын олонх нь амьдралын боломж, нөхцөл тааруу өрхийн хүүхдүүд байдаг. Иймд тэдгээр хүүхдэд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоход жилдээ 20 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа бий. Үүнийг 2019 оны төсөвт суулгахаар салбарын яамны зүгээс судалж байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариулав. Ирэх оны тавдугаар сараас эхлэн нийслэл хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Тухайлбал, сайжруулсан түлш, нам даралтын зууханд шинэ техник, технологи нэвтрүүлэх туршилтыг эхлүүлэхийн зэрэгцээ хөрсний бохирдлыг бууруулахад гэр хорооллын айлуудын бохирын лагийг соруулах судалгааны ажлаа эрчимжүүлснийг салбарын сайд Н.Цэрэнбат хариултдаа онцлов.

Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн "Үндсэн чиглэлд туссан гүйцэтгэх ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай. Хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүйгээс үр дүн гардаггүй байдлыг үргэлжлүүлж болохгүй” гэж анхааруулсан бол Д.Сарангэрэл гишүүн "Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг ярихдаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбартаа түлхүү анхаарах шаардлагатай байна. МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй” гэж байлаа. Дараа нь тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.6 хувь нь дэмжив. Иймд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ж.ЭНХБАЯР: НЭГДСЭН ТОМ БОДЛОГОГҮЙГЭЭС ХАЛДВАРТ ӨВЧИН ГАЗАР АВЧ, МОНГОЛ УЛС БҮХЛЭЭРЭЭ КАРЕНТИНД ОРЛОО ШҮҮ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. С.Бямбацогт нарын гишүүн асуулгадаа "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, төрөөс гаргасан зарим хууль, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хаваржилт хүндэрч буй аймаг сумдын малчдад цаг алдалгүй туслах шаардлагатай байгааг онцолжээ. Түүнчлэн "Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, "Малжуулах” төслийг хэзээнээс хэрхэн хэрэгжүүлж эхлэх, мал эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар хариулт ирүүлэхийг хүссэн байна. Мөн малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналтаас хамгаалах, малчдад учирч буй хүндрэлийг багасгахад чиглэсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих тусгай санг өргөжүүлж, малчин өрхийн орлого, амьжиргааны баталгааг хангах зорилтын хэрэгжилтийг ч асуужээ. Үүнээс гадна малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, түүний үр дүн, хаваржилт болон мал төллөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Асуулгын төгсгөлд Засгийн газраас баталсан "Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт тусгасан малын гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой хариулт авахаар Ерөнхий сайдад хандсан байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж дараах хариулт авсан юм.

Ё.БААТАРБИЛЭГ: -Өвс тэжээлийн нөөц, хангамжид анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Мал эрүүлжүүлэх угаалга туулгын асуудалд уг нь их анхаардаг байсан. Энэ жил хэрхэн зохион байгуулах гэж байна вэ. Мал эрүүлжүүлэх аяны хүрээнд ямар арга хэмжээ хийх вэ. Тодорхой хуваарь байна уу. Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж юу байна. Мах, сүүний үйлдвэр байгуулна гээд удаж байна. Жижиг дунд үйлдвэрийн зээл малчдад очдоггүй юм шүү дээ.

ХХААХҮ-ийн сайд Б.БАТЗОРИГ:- Өвс тэжээлийг хангалттай бэлтгэж амжаагүйгээс гаднаас их хэмжээгээр өвс тэжээл оруулж ирсэн. Үүний үр дүнд өвлийг харьцангуй хохирол багатай давлаа. Энэ өвөл нийт 1.5 сая мал хорогдсон. Махны экспортод бид анхаарч байна.

С.БЯМБАЦОГТ: -2018 онд 10 гаруй аймгийн 40 орчим суманд шүлхий өвчин гарлаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн хууль батлаад, төсөв мөнгө нь нэмэгдээд л байдаг. Гэтэл шүлхий өвчний гаралт өсөөд байгаа нь юутай холбоотой вэ. Бид мал амьтны эрүүл мэндийн хуультай боллоо, Ерөнхий сайд, Шадар сайд нар мал эрүүлжүүлэх аян зарласан. Бодитой үр дүн хэзээ гарах вэ. Мал өвдөхгүй, өвчин гарахгүй байх уу, мал бүрээ эрүүлжүүлж чадах уу гэдэгт хариулт өгнө үү. Мөн 66.2 сая толгой мал тоолуулж, мал төллөснөөр 80 орчим сая толгой болж түүхэндээ байхгүй малтай болж байна. Гэтэл махны үнэ өсч "Хүчит шонхор” захад хонины мах 7300-8500, үхрийн мах 8500-9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ бол захын үнэ. Харин дэлгүүрийн лангуунд хонины махыг 7500-8500, үхрийнхийг 12 мянган төгрөгөөр зарж байна. Махны үнэ нэмэгдэж байгаа хэдий ч малчдад орлого нь ногдохгүй дунд нь ченжүүд дамлаж ашиг олоод байгаа асуудал байна. Энэ тухайд ямар бодлого барих вэ.

ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.ГАНХУЯГ -13 аймгийн 45 суманд шүлхий гарсан нь өмнөх жилүүдийнхээс хамгийн их гаралттай байлаа. Хорио цээрийн дүрмийг хэрэгжүүлж чадахгүй болон зуншлага муу байгаатай холбоотой шүлхий өвчин газар авлаа. Мөн өвсний асуудлаас болж шүлхий өвчин гарсан гэдгийг тогтоож, улсын нөөцөөс өвс тараахыг зогсоосон. Вакцинжуулалтыг цаг тухайд нь хийж байгаа. Мал эрүүлжүүлэх аяны хүрээнд энэ өвлийн арваннэгдүгээр сараас үр дүн нь гарч, үүнээс хойш шүлхий өвчин гарсан тохиолдол бүртгэгдэхгүй гэж тооцож байна.

 

ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГ: -Ер нь малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг сүүлийн хэдэн жил хийгээгүй. Мөн хариуцлага сайжирвал ажил сайжирна гэж харж байгаа. Махны үнэ өсөх нь орон нутагт бол сайн. Бид хөдөө аж ахуйн түүхий эдийн үнийг нэмэгдүүлье л гэж байгаа шүү дээ. Энэ жил 16 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн. Надад байгаа мэдээллээр ямартай ч хотод махны үнэ тогтвортой байгаа. Үхрийн мах 6500, хонь 5500, ямаа 4500 гэсэн мэдээллийг манай мэргэжилтнүүд өгсөн.

Ж.ЭНХБАЯР: -Бид гахай, тахиа, бургерийн мах гээд ихэнх махаа гаднаас авч байна. Нэгдсэн том бодлогогүйгээс манай улсад халдварт өвчин газар авч Монгол Улс бүхлээрээ карентинд орлоо шүү. Б.Батзориг сайд та бодлогын асуудал хурдан оруулж ир ээ.

ХХААХҮ-ийн сайд Б.БАТЗОРИГ: -Салбарын яаманд газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгох, малчид тариаланчдын хоорондох маргааныг шийдэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэжээлийн ургамал тариалах гэх мэт асуудал маш их байна.

Л.ЭНХ-АМГАЛАН: -Бодлого ярьж, хариулт авахаар С.Бямбацогт гишүүн бид хоёр асуулга тавьсан юм. Мах, сүүний аян гэж зарласан ч үр дүн харагдсангүй. Малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна шүү. Энэ жил ноолуурын үнэ гайгүй гарч малчид амь зогоож байна. 15 сая толгой мал вакцинжуулна, бусдыг нь дийлэхгүй гээд сууж байгаа нь үнэхээр хариуцлагагүй асуудал шүү.

ХААХҮ-ийн сайд Б.БАТЗОРИГ: -УИХ манай салбарын бодлогыг баталж өгсөн. Энэ бодлогоо үндэслээд зорилгоо тодорхойлсон. Бодлогод бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, гурван сая иргэнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, тариалангийн бүсээ тодорхой болгох хэрэгтэй байна. Малаа экспортод өдөр бүр тогтвортой гаргадаг баймаар байна. Жижиг дунд үйлдвэрээ дэмжмээр байна. 70 тэрбум төгрөг тавьсан ч нэг их наяд төгрөгийн төсөл ирсэн. Үнэхээр эдгээр төслийг санхүүжүүлбэл энэ салбар хөгжих гээд байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

0 сэтгэгдэл