|

Өвөг дээдсийнхээ замналыг үр хойчис нь мэддэг, мэдээд зогсохгүй бахархдаг ард түмэн л урт удаан оршин тогтнодог

Өвөг дээдсийнхээ замналыг үр хойчис нь мэддэг, мэдээд зогсохгүй бахархдаг ард түмэн л урт удаан оршин тогтнодог

 

БАЙТАГ БОГД киног үзлээ... 90 оноос хойш олигтой кино гарсангүй дээ, ерөөс манай кино урлаг таг хөшчихсөн, алиа марзагналд, арчаагүй ядмаг сүржигнэлд живчихсэн юм бишүү гэсэн нэг л сэтгэл дундуурхан ойлголт, дүгнэлтийг маань бүрэн эргүүлж, хөрвүүлж орхив. 


БАЙТАГ БОГД бол цоо шинэ сэдэв. Ялангуяа ЭХ ОРОН гэдгийг, эгэл өвөг дээдэс маань түүнээ хэрхэн хамгаалан мачийж явцгаасныг нь мартагнаад, үгүйсгээд, үл тоодог болоод буй энэ цаг үед нэн чухал сэдэв. Яг л эмзэг цэгийг нь олж дарах мэт оножээ. Сэдэв оноод зогссонгүй, хэлэх гэснээ хэлж, үзүүлэх гэснээ үзүүлж, мэдрүүлэх гэснээ мэдрүүлж, зорилгоо биелүүлж чаджээ. 

Ардын хувьсгалын тухай сайхан кинонууд хангалттай бүтээгдсэн. Дэлхийн II дайны гал асаж, улс орнууд мөхөж, ард түмний цус мөрөн гол болон урсаж асан Дөчөөд онд өвөг дээдэс маань хэрхэн тэмцэж, цус хөлсөөрөө, ухаан бодол, зовлон хагацлаараа Тусгаар тогтнолоо авч үлдсэн арвин үйл явдлуудын талаар Говь Хянганд тулалдсан нь, Дайсны цэргүүдээ сонсоцгоо, Нар хиртсэн жил гэх мэт цөөвтөр кинонууд бий. Түүнээс хойш ийм кино гарч байсангүй ээ. Гарсан л даа, гэхдээ сайн гэдэг утгаараа. Энэ үүднээсээ ч бас манай кино урлагт БАЙТАГ БОГД нь нэгэн шинэ хуудас нээсэн гэдэгт эргэлзэхгүй байна. 

Олон жижигхэн үл ажиглагдам шахам зүйлсээр киногоо тун чадварлаг, мэдрэмжтэй чимж, үйл явдлуудыг сүлэн бүхэл бүтэн утга санааг товойлгон гаргажээ. Харийн нутгаас газар шороогоо гэн дотроо өмрөх зоримог торгууд бүсгүй, мөн Алтан овооныхоо сан тахилгыг сахин үлдсэн торгууд хөгшин, мэргэжил нь хийрхэл болж, хэрээс хэтэртэл харддаг өвчинтэй, бодит байдлыг ойлгох чадваргүй мунхаг чекист, муурны аашаар сэтгэх дотуур тамиртай хятад цэргийн дарга, заставын гал тогооны бойтогдуу ч цагаа тулахаар эр зоригтон болдог бүдүүн нарийн хоёр, тагнуулч Насан, цэрэг эрсээ үр хүүхэд шигээ хайрлах заставын дарга гээд олон өвөрмөц содон дүрүүд, орчин цагийн техникийн боломжийн гүйцээн ашигласан чадварлаг зураглал, хумсандаа хутга шаалгаж буй бүсгүйн харц, эх нутгийнхаа шороон дээр ирээд цурхиран уйлж, хайлан тэвэрч, залбиран мөргөж буй агшин, хятад даргын сийрэг ухаан, уухайлахаар ухасхийх алдарт хүрэн халзан гээд анзаарагдамгүй атлаа зүрхэнд үлдсэн олон олон кадрууд... Тэр бүгдийг бичвээс бишгүй урт болох нь. Үзэгчид надтай надгүй анзаарсан буй за. 

Мэдээж хэрэг түүхэн үнэнийг нэлээд өөрчилж, уран сайханжуулсан тал байна. Тэр талаас нь шүүмжилж болох ч түүхэн баримтуудад яг таг мөргөн хашигдах нь уран сайхны бүтээлийг туурвил биш болгодог. Гагцхүү тэр түүхэн баримт, үнэний мөн чанарыг гуйвуулалгүйгээр уран сайхны үнэнд хөрвүүлэн үзүүлж чадах нь чухам жинхэнэ уран бүтээлчийн ур чадварыг илтгэдэг. Бат-Өлзий найруулагч энэхүү киногоороо өөрийгөө хангалттай харуулж чадав. Мөн зарим нэгэн алдаа гэхээр зүйлс, тухайлбал өнөөх л орчин цагийнхны даржин сүржигнэл буюу нэг нэгрүүгээ ямаан омогдож бархирсан, тэр бүү хэл буу хүртэл шагайж буй, зочин гийчин л малгай тавиад манайх гэх түр зуурын өөриймслийн утга илэрхийлдэг үгийг эх нутгаа хамгаалж буй эр цэрэгт хэлж буй логикгүй хэллэг гэх мэт зүйлс нүдэнд торсон ч ерөөс киноныхоо бусад чадварлаг өгүүлэмж, драм, илэрхийлэл дунд тэдгээр жижиг сажигхан алдаа нь живчихэж байна. Тэгээд ч тэдгээр нь засаж болох алдаа. Гол нь жинхэнэ уран бүтээлчийн нарийн мэдрэмж, хараа, зоримог шийдлүүд байгаа нь л нэн чухал юм. Товчхондоо сэхээнд орчихсон мэт байсан манай кино урлаг Байтаг богд киногоор өндийгөөд ирэв гэж би л хувьд ихэд баярлан огшлоо. Киноны төгсгөл хэсэг буюу /Би Маршал Чойбалсанг байна гэж ойлгосон/ монголын дээд удирдлага болсон явдлын мэдээ хүлээн аваад хэлж буй үгс, гаргаж буй араншин, Хятадын талд өгч буй хариу, тэгээд ганцаараа өрөөн дотроо сэтгэл нь догдлоод гараа зангидаад зогсож буй нь бүр сайхан, утга төгөлдөр тайлал болж чадсан. Тэр үг, тэр араншин төрх бол жинхэнэ монгол хүн бүрийн цээжинд байдаг, хэлэх учиртай, эмзэглэн шархирсан, бахдан харууссан бидний сэтгэл зүрхний үг байлаа. Дахин хэлэхэд энэ кино үзэгчдэд хэлэх гэснээ хэлж, харуулах гэснээ харуулж, мэдрүүлэх гэснээ мэдрүүлж чадсан бүтээл болжээ. Өвөг дээдсийнхээ замналыг үр хойчис нь мэддэг, мэдээд зогсохгүй бахархдаг ард түмэн л урт удаан оршин тогтнодог.  Баярлалаа. 

Дашрамд.... Тун удахгүй Байтаг Богдын тулгаралтын 70 жилийн ой болно. Өөрөөр хэлбэл Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын баатарлаг хилчдийн амь эрсэдсэн тулааны 70 жилийн ой юм. Ерөөс энэ хязгаар нутагт аль 1900-аад оноос хойш буун дуу бараг тасраагүй бөгөөд 1940-1948 онуудад ид оргил үе нь байжээ. Дээрх тулалдаан бол тэгэхэд болж байсан зуу зуун тулагаралт, тулалдаануудын зөвхөн нэг нь юм.

Аав маань 1944-1948 онуудад Элст Мянганаас Байтаг богд хүртлэх уудам орон зайд болсон ихэнх үйл явдалд биечлэн оролцсон байдаг. Харин яг дээрх гурван баатрын амь эрсддэг тулааны үеэр онцгой шалтгаанаар отрядын төв дээр хилээс хөндий байсан юм билээ. Тиймээс дээрх тулаанд оролцоогүй ч тулааны дараа газар дээр нь очиж нөхцөл байдлыг үзэж харж явсан гэдэг. Тэр бүү хэл Тэгшээ, Гиваан нарыг шинэ цэрэг ирэхэд нь анхлан авч хүмүүжүүлж байсан бага дарга нь юм. 

Түүнээс нэг жилийн өмнө 47 оны 6 сард болсон Ац уулын тулаан нь Байтагт болсон хамгийн том тулалдаан юм. Энэ тулаанд цаад талаас 8000-10 000 орчим хүч оролцсон гэх бөгөөд манайх хороо, отрядын хүчээр, нисэх онгоцоор дэмнүүлэн тулалдсан байдаг. Энэ тулалдааны гол баатраар Нэхийт баатар тэргүүтэй таван хүн тодорсны нэг нь Тагнуул сумангийн бага дарга байсан аав маань юм. Анхдагч эх сурвалжаас сонсож үлдсэн үзэг цаас нийлүүлэгчийн хувьд сонссоноо бичиж үлдээх нь миний үүрэг гарцаагүй болно. Нэгэн тууж маягын бичвэрийг эхэлсэн ба удахгүй дуусгах болно оо.



Буурлууд хамгаалж явсан газар нутагтаа буюу Байтагын тулгаралтын 50 жилийн ойгоор 1998 онд эргэн цуглацгаасан нь. Баруун гар талаас Ц.Ванчиг, Г.Хаянхирваа, Б.Дулмаа, М.Хаажаа, Д.Пэлжээ, хамгийн зүүн талд буй хазгар хөгшин бол манай аав / Б.Баасан /.

Б.Наминчимэд

0 сэтгэгдэл