|

Алангуа эх ба Аристотель

 

Алангуа эх ба АристотельПруссийн Вильгем Вангийн зөвлөх Бисмарк, Мольтке нар бүх Германыг нэгтгэхээр 1870–оны 7 сарын 19-нд  Францын эзэнт гүрэнд дайн зарлалаа.  Дайны зорилго бол Францаас   Эльзас, Лорран мужуудыг буцааж авахад байв. Тэр үед Францын хаан ширээнд Напалеон Бонапартын зээ Шарль Дуй Наполеон сууж байжээ.

9 дүгээр сарын 1-нд Седаний ойролцоо Пруссийн арми Францын цэргийг бут ниргэж,  Шарль Дуй Наполеоныг олзлов. Хаан олзлогдсоор ардчилсан үзэлтэй Францчуудад Хаант засаглалыг түлхэн унгах таатай  боломж  бүрджээ. Ингээд Түр Засгийн Газар байгуулж, Үндэсний Ассамблейн сонгууль зарласнаар   Францын Гуравдугаар Бүгд Найрамдах Улсыг байгуулсан ажээ.

Бисмарк, Мольтке нарын шахалтаар 1871 оны 3-р сарын 10-нд Эльзас, Лорран мужуудыг Прусст нэгтгэх нөхцөлтэйгөөр  Прусс-Францын хооронд энхийн гэрээ байгуулсан юм. Дайны дараа Францын улс төрчдийн дунд "Хэзээ ч үүний талаар бүү ярь, харин дандаа бод” гэсэн үг ихэд газар авсан гэдэг.

Франц оронд дайны дараах ялагдлын гутамшгийг  залуу үеийнхэн бие, сэтгэлээрээ мэдрэв. Ихэнх залуус эх орноо бусдад энэ мэт хялбархан ялагдчихгүй хүчирхэг улс болгох тухай янз бүрийн санаачилга гаргаж байжээ.  Харин тэдний дундаас Пьер де Кубертен гэдэг нэгэн залуу даяан дэлхий, хүн төрөлхтний энх тайвны төлөө Олимпын наадмыг дахин сэргээх санаачилга гаргасан юм.

Пьер Де Кубертинын олон жилийн шаргуу зүтгэлийн үр дүнд 1894 оны 6 сард Парис хотноо хэд хэдэн улсын төлөөлөгчид хуралдаж, орчин үеийн Анхдугаар Олимпын наадмыг зохион байгуулах тухай санал нэгджээ. Ийнхүү НТ-393 онд Ромын эзэн хаан Теодосиус I-ийн хориглосон Олимпын наадам удтал мартагдсаны эцэст 1896 онд дахин сэргэн Грекийн Афин хотод зохион байгуулагджээ.

Харин эртний Олимпын наадам бол Грекийн овог, аймгуудын зөрчил тэмцлийг эвийн аргаар шийдвэрлэх зорилгоор НТӨ 884 онд эхэлж,  НТ-393 он хүртэл  287 удаа зохиогдож байжээ. Гэвч Грекийн хот-улсуудын дунд эв нэгдэл, энх тайван тогтсонгүй, салангид тусгаар бие даасан Хот-Улсууд хэвээр үлдсэн гэдэг.

Харин эдгээр хот улсуудыг Македони Филипп II, болон Агуу Александр хэмээх эцэг, хүү  хаад анх нэгтгэсэн юм. Хүү Александр нь Филипп II хааны гэнэтийн үхлийн дараа Македони хаан ширээг залгамжлав. Тэрээр Македони засаглалыг бэхжүүлсний дараа,  зүүн зүгт  Персийн Эзэнт Улсыг байлдан дагуулж, Нил мөрнөөс Индус  мөрөн хүртэл хил хязгаараа тэлжээ.

Александрын эцэг Филипп II энгийн нэг хаан байсангүй, тэрээр гарамгай цэргийн удирдагчаас гадна, сод улс төрийн зүтгэлтэн байв.  Нэг удаа тэр  "Грекийн аль ч хотыг алт ачсан илжиг эзэлж чадна” гэж бусад хот-улсуудын дотоод зөрчлийг шоглож байжээ. Харин өөрийнхөө улс төрийн стратегийг "Хуваа, захир” гэж хэлсэн юм. Филипп II хаан Александр хүүдээ өөрийн ордны эмчийн хүү болох гүн ухаантан Аристотелиор хичээл заалгаж байжээ. Аристотель бол Афины гүн ухаантан Сократын шавь Платоны нээсэн Академийн  анхны сурагч байсан юм.

Платон, Аристотель нар Ардчиллын өлгий Афины ойролцоо өөр өөрийн Академиа нээж, энэ хотод амьдарч байсан боловч Ардчилсан засаглалын сул талыг хурцаар шүүмжилж байсан тухай зохиол бүтээлд нь үлджээ. Платон улс төрийн засаглалыг 4-н муу 1 сайн хэмээн тавь хуваан үзсэн байдаг. Дөрвөн муу засаглалд ... 

- Нэр төр хөөгчдийн засаглал (Тимократи)

- Баячуудын засаглал (Олигархи)

- Олонхын засаглал (Демократи)

- Дарангуйлагч засаглал (Тиран) гэж ангилсан байна.

Харин сайн засаглал гэдэгт өөрийн боловсруулсан шилдэг төрийн онолоо "Төр" зохиолдоо бичжээ. Тэрээр төр зохиолоо харилцан яриа хэлбэрээр бичсэн бөгөөд Ардчиллын сул талыг онцлохдоо...

"Хэрэв чи бид хоёр шиг хүн улс байгуулъя гэж хүсвэл, ардчилал байгаа газар уруу очоод боломжит бүх удирдлагын эрхийг зарж байгаа зах уруу ороод өөртөө таалагдаж байгааг нь сонгож аваад өөрийн төрөө үндэслэж болно." гэжээ.

Эртний Грекийн Хот-Улсуудад бие биенээ халж сольж гарч ирдэг байсан дээрх засаглалын аль нэг нь дампуурахад Ардчилал тогтож, удалгүй Ардчиллын сул тал давуу талаа дарангуйлах үед буцаад бусад засаглал уруугаа шилждэг байжээ.    

Ардчилсан засаглал тогтсон үед хотын иргэд бүгд төв талбай дээрээ цуглаж байгаад бүх асуудлаа маргаан мэтгэлцээнээр шийдвэрлэх үед бусдад шууд болон шууд бусаар нөлөөлөх чадвартай хэсэг нь асуудлыг хувьдаа ашигтайгаар шийдүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байж.

Македони Филипп II хаан энэ мэт Ардчиллын сул талыг сөргөөр ашиглах боломжтой байдаг шиг Грекийн Хот-Улсуудын зөрчил дээр тоглож  "эхлээд хооронд нь талцуулан ХУВААЖ, эцэст нь ЗАХИР”-чээ. Харин Платон шилдэг төрийнхөө тухайд "нийгэмд хэрэгцээнээсээ илүү өмч хөрөнгө хураах сонирхолгүй, эхнэр хүүхэд нь нийтийнх байдаг тусгай хамгаалагч давхаргын гарт засаглалыг атгуулсан цагт сайн сайхан нийгэм тогтох болно" гэжээ.

Платон улс төрийн засаглалын зүй тогтлыг гүн гүнзгий судалж, нээн илрүүлсэн боловч хүн төрөлхтөнд санал болгосон шилдэг төрийн онол нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй хийсвэр утопи төсөл байсан юм.

Түүний шавь Аристотель бас "Төр" хэмээх зохиол бичсэн бөгөөд багшийнхаа шилдэг төрийн онолыг утопи шинжтэй болохыг шүүмжлэн, тухайн үеийнхээ 150 гаруй төр улсын түүхийг судалсны эцэст  өөрийн засаглалын онолыг дэвшүүлсэн билээ. Аристотель засаглалыг зөв гурван засаглал, түүнээс гажсан гурван муу засаглал гэж хуваажээ. Нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг Хаант, Язгууртны, Полити  гэсэн гурван сайн засаглалыг нэрлэжээ.

Харин гурван гажсан засаглал гэдэгт...

- Хааны засгаас Тиран(Дарангуй) уруу,

- Язгууртны засгаас Олигархи уруу,

- Полити засгаас демократ (Ардчилал) уруу  гажин шилждэг гээд, Эдгээрийн нэг нь ч нийтийн ашиг тусыг боддоггүй гэжээ. Цааш нь "Ер нь, аристократын үндэс нь сайн үйл, олигархийн үндэс нь эд баялаг, демократын үндэс нь эрх чөлөө билээ." Хэрэв "Нэг нь хэтэрхий их юм эзэмшиж, нөгөөх нь юу ч үгүй хоосон байх тохиолдолд чухамхүү сөргөлдсөн туйлшралын нөлөөнөөс болж эсхүл туйлширсан демократ, эсхүл цэвэр олигархи, эсхүл тиран засаглал үүсдэг байна" гэжээ.

Иймээс Төрийн байгууламжид гажсан гурван засаглалын сөрөг талын хасаж, эрх чөлөө, эд баялаг, сайн үйл гэсэн давуу чанаруудыг нэгтгэж, алтан дундаж харьцааг тогтоох чадамжтай засаглал хамгийн зөв, шилдэг төр юм  гэж үзсэн байдаг.

Эцэст нь, ийм засаглалыг язгууртны засаглал гэж нэрлэж болох боловч дээрх сайн гурван засаглалд дурдсан аристократ засаглал биш гэжээ. Тэрээр энэ тухай тайлбарлахдаа "Зөв байгууламж гэж бидний үзэж байгаа төрийн байгууламжийн гурван дүрс дотроос удирдлагыг хамгийн шилдгүүдийн гарт төвлөрүүлсэн нь илүү шилдэг нь юм." гээд,

"Ийм засаглал тогтсон цагт чинээлэг дунд давхарга зонхилж, нийгэм тогтвортой урт удаан орших болно, учир нь  аливаа зүйлд Алтан дундаж тэнцвэрийг барьж чадсан  нөхцөлд оюун ухааны дуудлагыг бүхнээс амархан сонсдог.

Гэтэл дэндүү гоё сайхан, хэт хүчтэй, хэт дээд язгууртай, туйлын баян хүн юм уу, эсхүл хэтэрхий ядуу, хэтэрхий сул дорой, нийгмийн байдлаараа дэндүү дарлагдсан хүн оюун ухааны шалтаг дуудлагыг дагахад хэцүү, тэд амьтан сэрэхүйдээ боолчлогдсон байдаг" гэж  бичжээ.

Эртний Грекийн хот-улсууд Аристотелийн шилдэг төрийн онолыг хэрэгжүүлж амжилгүй эхлээд  Македони Филипп II хааны захиргаанд нэгдэж, НТӨ II дугаар зуунд Ромын эзэнт гүрний харъяанд оржээ. Гэвч эртний грекийн гүн ухаантан Аристотелийн шилдэг төрийн онол орчин үеийн Ардчилсан засаглалын эх сурвалж болсон болно.

Өрнө дахин мянга гаруй жил шашны туйлшрал уруу хүчтэй савлаад, дөнгөж 16 дугаар зуунд Хэвлэлийн технологид дэвшил гарснаар Библи судрыг латин хэлнээс олон хэл уруу орчуулсны үр дүнд сүм хийдээр дамжуулалгүй иргэд өөрсдөө унших бололцоо бүрджээ. Энэ үйл явц эцэстээ шашны төвлөрсөн засаглалыг Өрнө дахинд задалж, шинжлэх ухаан хөгжих хөрс бүрдүүлэв.

Үүнтэй зэрэгцээд газар зүйн их нээлт, ололтын үр дүнд далайн худалдаа, арилжаа өргөн дэлгэрч, Өрнийн нийгэмд чинээлэг ангийн нөлөө үлэмж хүчтэй болжээ. Шинжлэх ухаан Шашны төвлөрсөн засаглалыг сулруулсан шиг хөрөнгөтөн анги эрх ашгаа хамгаалан Хаад, Язгууртны засаглалыг сулруулах явц эргэлт буцалтгүй өрнөв. Хөрөнгөтөн ангийг даган ажилчин анги үүслээ.

Өрнийн нийгэмд эдгээр анги хоорондын ширүүн тэмцлийн хэвлийд  хувь хүний эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, олон ургалч үзэл,  Ардчиллын үзэл санаа (эртний грекийн ардчилал биш, Аристотелийн онол дагуу) бүрэлджээ. Ардчилсан засаглал хүн төрөлхтний нийтлэг үнэд зүйл болсон түүхэн цаг хугацааг үечилбэл  Ардчиллын гурван үе шаттай давлагаа өрнөжээ.

Нэг дэх нь 19 дүгээр зуунд эхэлж олон орон Ардчилсан засаглал тогтоох гэсэн боловч Эртний Грекийн ардчиллын адил сул талаа даван туулж чадалгүй, социалист, дарангуйлагч засаг уруу халтирчээ. Хоёр дахь нь 1960-1970 онуудад, Гурав дахь нь 1970-2010 оны хооронд өрнөж, эрчим нь саарсан хэдий ч үргэлжилж байгаа билээ. 1973 онд дэлхийн 151 орны ердөө 45 нь Ардчилсан засаглалтай гэж тооцогдож байсан бол 2000 гэхэд дэлхийн тусгаар улсуудын бараг 60%- иас илүү нь болох 120 орчим улс  ардчилсан засаглалд шилжжээ.

Гэвч хорин нэгдүгээр зууны эхэнд олон орон Ардчиллыг сонгосон боловч улиг болсон Ардчиллын сул талыг даван туулж чадалгүй "ардчиллын хямрал"-д сөхөрч, зарим байгууллагын судалгаагаар буцаад дарангуйлал, авторитари засаглал уруу зарим нь ухарч, зарим нь халтирахад бэлэн байна.

Энэхүү гурван удаагийн Ардчиллын өрнөлд хөлөө олоогүй улс орнуудын гол алдаа нь Ардчилсан засаглалыг өөрийн орны ард түмний эртнээс амьдарч ирсэн  арга хэлбэр, иргэншил, сэтгэлгээ (менталит) зэрэг жам ёсны суурь мөн чанар, уламжлалынхаа хөрсөнд нутагшуулахын оронд, бусдын соёлын онцлогийг харгалзалгүй шууд хуулбарласанд оршиж байгаа нь цаг хугацааны шүүлтүүрт нэн тодорхой болж байна.

Ардчиллын сул талыг даван туулж чадалгүй "ардчиллын хаврын намагт" шигдсэн орнуудын эгнээг Монгол Улс өргөтгөсөн нь харамсалтай. Намагт шигдсэн малыг боохой хүртчихдэгийг малч Монголчууд мартаагүй баймаар юм! Тэгэхээр юуны өмнө Монголчуудын засаглалын үзэл санааны уг үндэс, уламжлал  юу вэ? Хаанаас, хэнээс асуух вэ? "Хөгшин өвгөнд эрдэм бий, хар авдарт судар бий" хэмээн сануулсан Ц. Дамдинсүрэн гуайн сургаалаар  Айлаас эрэхээр Авдраа нээж үзье!

Нүүдэлчдийн гүн ухааныг өгүүлсэн ном судруудаас "Монголын нууц товчоо” онцгой бүтээл. Энэ зохиолд Алунгуа эхийн таван хөвүүнээ сургасан тухай домог бий. Алунгуа эх бол Чингис хааны 11 дүгээр үеийн дээдэс Добу мэргэний эхнэр юм.

Алунгуа эх  Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй.

Бас Алангуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн:”Та таван хөвүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэшгүй болно” гэжээ.

Нүүдлийн иргэншил нь төвөөс зугтсан чиглэлд, илүү хувь хүн эрх чөлөөтэй амьдрах нөхцөл, бүрдсэн орчин юм. Тиймээс засаглалын гүн ухаан, үзэл суртал нь гадагш чиглэсэн иргэншлийн онцлогийг нэмж задлах биш, харин эсрэгээр нэгтгэх, зангидах хүчний тэнцвэрийг тогтоох учиртай байж мэдэх юм. Ил хаант улсын үед Багдадын захирагч байсан Ал-а-ад Дин Ата-Мелик Жувейни  1253-1260 оны хооронд бичсэн  "Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” хэмээх номд  Алангуа эхийн сургаал монголчуудын дунд өргөн дэлгэр сургаалт үлгэр байсныг гэрчилдэг.

Жувейни  Дэлхийг байлдан дагуулагчийн түүх номдоо "Тэд (Монголчууд) хөвүүд, дүү нартаа ямагт эв найртай байж, бие биедээ тус дэм өгч, эв эеэ бэхжүүлэхийг чармайх хэрэгтэй гэж үргэлж захиж сурган, яавал эвтэй найртай байж болох үлгэр жишээг таниулдаг байлаа. Сургаал үлгэр ярьж, тэр хэлсэн сургаал үгээ баяжуулна. Нэг удаа бүх хөвүүдээ цуглуулаад тэдний нүдэн дээр саадагнасаа нэг сум сугалж аваад хугалжээ. Дараа нь хоёр сум сугалж аваад хугалж гэнэ. Дараа нь гурвыг хугалж. Энэ мэтээр сумны тоог нэмэгдүүлсээр ямар ч бөх хүчтэй хүний дийлэхээргүй олон сум багцалж аваад хөвгүүддээ хандан Та нар энэ мэт байх ёстой.

Ганц хоёроороо бол амархан хугарах сум, ийм олон болбол хэнд ч дийлдэхгүй, үүнийг хугалах гэсэн баатар эрийн ч гар нь цуцах болно. Тийм учраас ах дүү та нар бие биеэ дэмжин эв найрамдалтай байх юм бол дайсан хэдий хүчирхэг ч гэсэн та нарыг ялж дийлэхгүй. Хэрвээ та нар нэг удирдагч, нэг толгойлогчгүй, түүндээ бусад ах дүү үр хүүхэд, садан төрөл, найз нөхөд нь захирагддаггүй байвал олон толгойтой могойн үлгэрээр мөхөх тавилантай. Нэг удаа олон толгойт могой шөнө даараад нүхэндээ орж хорогдох гээд нэг толгой нь нүх рүү шургахад бусад толгой өөр тийш зүтгээд нүхэндээ орж чадалгүй хөлдөж үхсэн гэдэг. Гэтэл ганц толгойтой урт сүүлтэй өөр могой ямар ч саадгүй нүхэндээ орж, даарч хөрөлгүй унтсан түүхтэй. Ийм сургаалт үлгэрүүд олныг ярьж өгдөг” гэжээ.

Дээрх мэт сургаалт үлгэр, зүйр цэцэн үгс монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх гол арга ухаан байв. Хүүхдийн хамгийн анхны хүмүүжил, боловсрол үлгэр, домгоос эхэлдэг билээ. Үлгэрээр дамжуулсан  өвөг дээдсийн сургаал, хүүхдэд багш, насан хүрэгчдэд мэргэн зөвлөгч мэт үнэ цэнэтэй байдаг. Практик амьдралд шалгарсан үлгэр, сургаалаар хүүхдийг хүмүүжүүлэх нь шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэх хөрс суурь болдог байна. Ханаж чадашгүй сэтгэлийн сөрөг хүсэл тэмүүллийг оюун ухааны домбонд хорих таг бөглөө мэт үүргийг нүүдэлчдийн аман зохиол гүйцэтгэж иржээ.

Их Монгол Улсын үед монгол хаад тус тусын захирч байсан улс орны шашин, соёлд ууснаар шинжлэх ухаанч сэтгэлгээний хандлага нь шашны номлолд шахагдав. Нэгэнт оюун сэтгэлгээний аргамж тасарсан учир Их Монгол Улсын  4 бүрэлдэхүүнээс 3 нь хайлж, удалгүй ганц үлдсэн Юань гүрэн мөхжээ. Бууриа сахисан Монголчууд Халх Монгол, Баруун Монгол, Өвөр Монгол гэх мэтээр олон задарснаар Бага хаадын үе эхэлснийг бид мэднэ.

Бага хаадын тэмцэл уламжлалт шинжлэх ухаанч сэтгэлгээний хандлагыг Библи мэт үл мэдэх номлол, мухар сүсгээр солив. Эцэст нь Халх Монгол Манж Чин Улсын эрхшээлд орсны дараа  34 хошуунд хуваагдав. Манжийн хаан "Хуваа, Захир” бодлогоо цааш нь үргэлжлүүлэн 125 жижиглэж нэр төдий хошуудад хуваасан юм.

Нэгэнт төрийн засаглал толгойгүй болсон Монгол оронд Шашны засаглал үнэмлэхгүй засаглаж эхэлжээ. Шашны засаг захиргаа гэдэг бол улс доторх эсвэл улс дамнасан улс байдаг онцлогтой. Төрийн засаглал хуваагдаж улс гүрэн хоёр толгойтой болж байна гэсэн үг юм. Хүн төрөлхтний түүхэнд шашин хүчирхэг бол төр суларч, төр хүчтэй үед шашин суларч ээлжлэн иржээ.

Шашин нүүдэлчдийн хувьд төрийн засаглал шиг төвлөрүүлэх үүрэг гүйцэтгэх чадамжгүй байсан юм. Яагаад гэвэл шашин нүүдэлчдийн мөн чанар болсон Адам шинжийг үгүйсгэдэг  билээ. Шашин шүтэх, эс шүтэх нь хүний жам ёсны эрх боловч хэмжээ, тунгаасаа хальсан тохиолдолд тус биш хор болдог ажээ. Ийнхүү хүн төрөлхтөн түүхийн хүрдийг ээлжлэн урагш түрэн дэвшиж байхад, эсрэгээрээ монголчууд ухарч гулсан, оюун сэтгэлгээний хувьд  балар эртний цаг үеийн харанхуй намагт шигдсэнийг бид мэднэ.

Гэвч Монголчууд үнс нурамнаас дүүлэн хөөрөх үлгэрийн галт шувуу мэт XX дугаар зууны босгон дээр сэрсэн юм. Гэхдээ үүлэн чөлөөний нар мэт 20 дугаар зууны зурваст сэхэж, сэрвийж тусгаар тогтносон Монголчууд өнөөдөр "олон толгойтой могой" мэт талцаж байна.

Оюун ухааны хяналтаас гарсан дур хүсэл шиг Нам, Фракц нь төрийн нэгдмэл эрх ашгийг шахан зайлуулж, оронд нь Аристотелийн гурван муу гажсан засаглалыг тогтоох арга хэрэгсэл болж хувирчээ. (туйлширсан демократ, цэвэр олигархи, тиран засаглал) 

Их сэтгэгч Платон Төр зохиолдоо "Ямар төр засаглал байна, яг тийм ард түмэн  байдаг" гэжээ.

Түүнийхээр Нэр төр хөөгч (Тимократи), Ховдог (Олигархи), Хоосон амлагч (Демогогч),  Дарангуйлагч (Тиран) -ийг төрд гарах завшаан олгосон гажиг тогтолцооноос аз жаргал, сайн сайхныг хүсэх нь тэнэг, утгагүй гэнэм.

Ардчиллын саглагар модноос алим хураахын тулд эхлээд эвтэй дөрвөн амьтад шиг нэгдэх ёстой ажээ.

  Б. Өлзийбаяр


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл