|

Хоёр хөршийн сануулгад багтсан Монголын тухай "зураглал"

Хоёр хөршийн сануулгад багтсан Монголын тухай "зураглал"

 

Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж дараа нь мэдээлэл хийдэг. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр  мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр бид бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байна, ганцхан та нар дотооддоо зүг чигээ гаргаж, бодлогоо зөв тодорхойл гэдгийг танилцуулсан. Тэгэхээр бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч, алдаагаа цаашид давтахгүй, дараагийн төслүүд дээрээ анхаарах ёстой гэдгээ ярих ёстой юм болов уу гэж би хувьдаа бодож байна” хэмээжээ. Үнэхээр Ерөнхий сайдын айлчлалын үеэр урд хөршийнхэн маань ийм утгатай сануулга өгсөн тухай урьд нь  яригдаж байсан билээ.

"Эхлээд та нар дотооддоо учраа сайн ололцож, бодлогоо зөв тодорхойлж, хэлсэн ярьсандаа тууштай байвал бид дэмжихэд бэлэн” гэсэн иймэрхүү сануулга анхных нь биш л дээ. Ерөнхий сайдын айлчлалаас өмнө Хятадын цахим мэдээллийн  Wechat-ад  "Сүүлийн хэдэн жилийн дотор Хятадын хөрөнгө оруулагчдаас монголчуудад хандах хандлагад сэтгэл дундуур уур амьсгал мэдрэгдэх болсон нь үнэний хувьтай. Үүний шалтгаан нь монголчууд хэлсэндээ хүрдэггүй, шат дараалсан хүнд суртлын механизмтай, төрийн дунд ба дээд албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьдаг, бодлогын залгамж байхгүй,  бэлэн амладаг гэх мэт.

Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, шат дараалсан хүнд суртлын механизмтай, төрийн дунд ба дээд албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьдаг, бодлогын залгамж байхгүй,  бэлэн амладаг” хэмээн бичсэнийг манай сайт уншигчдад хүргэж байсан.

Үүнд ундууцаж уурлах хэрэггүй. Худал юм нэг ч алга. Үнэндээ энд дурдсан шүүмжлэл бүхэн бидний бодит байдалтай ацаг шүдний зөрөөгүй нийцнэ. Харин ч дутагдлыг маань ил цагаан хэлж анхааруулсанд талархах ёстой биз ээ.

Ерөнхий сайд  сая айлчлалынхаа үеэр  ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллахдаа тус хотын намын хорооны дарга Ли Жи Хэнтэй уулзжээ. Тус хот Гашуунсухайтын боомтоор жил бүр 10 саяас доошгүй тонн нүүрс авч байхаа илэрхийлж, үүнтэй холбоотой төмөр зам, тээвэр ложистикийн асуудлаа хэдийнэ шийдчихээд байгаагаа мэдэгджээ.  Гэтэл монголчууд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 270 орчим км төмөр зам барина гэж 10 гаруй жил хэлэлцэж хэрэлдэж, өнөөдөр овоолсон шорооноос өөр юмгүй байж байна. Ил харагдах ийм өдөр шөнө шиг ялгаа хилийн наана цаана байна.

Баяннуур хотын намын хорооны дарга мөн "Аль болох богино хугацаанд Замын-Үүд-Эрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох” хүсэлтээ илэрхийлжээ. Энэ бол угтаа алив нөгөө 30 шахам жил ярьж байгаа Замын-Үүдийн чөлөөт бүс чинь хаана байна гэж сануулсантай агаар нэг.

Монголын төрийн түшээ нарын тухай  дээрхи "Wechat”-ын мэдээнд юу гэж дурдсан нь бүр ч "ичмээр дамшиг”.  Тэнд дурдахдаа "Хятадад ирсэн албан тушаалтан, улс төрчид болгон Ерөнхий сайдын хэмжээнд асуудал шийддэг гэж ярьцгаадаг нь хэвийн үзэгдэл болсон” гэжээ. Бүр нүдэнд харагдтал хэлсэн байгаа биз. Төрийн албанд эрэмбэ дараалал, эрх мэдлийн хүрээ хязгаар гэж байдгийг мэддэггүй, нэг л их даргын дүр эсгэсэн том толгойнууд Монголын нэр  нүүрийг хэрхэн улалзуулж байдгийн үнэн бодитой зураглал гэвэл энэ байна.

Монголчуудад хаягласан иймэрхүү сануулгыг Москва ч бас өгч байсныг санаж байгаа байх. 2016 оны 12 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид  Москвад айлчилсан. Энэ үеэр ОХУ-ын  Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга  В.И.Матвиенко манай Их Хурлын даргатай уулзах үеэрээ  "Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засаж залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Би сайн нөхрийн хувьд Танд найдаж байна” гэж хэлсэн байдаг.

... Хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй.  Хоёр хөрш маань Монголчуудын тухайд ийм л нийтлэг төсөөлөл ойлголттой  байна. Үнэн байдлыг зөв ойлгожээ.

Хэрэв бид гуравдахь, дөрөв дэхь хөрштэй байсан бол тэднээсээ бас л ийм зэмлэл сануулгыг сонсох байлаа. Энэ бол баараггүй.  Монголын төр ийм хэмжээнд хүртлээ доройтсон, хариуцлагаггүй болсон. Нэг нь очоод нэг юм ярьдаг. Дараагийнх нь очоод дахиад өөр юм ярьдаг. Ерөөс төрийн залгамж чанар гэдэг юм үгүй болсон, эрх ашгийн эрэмбэ гэдэг юмаа мэдэхээ больсонтой холбоотой.

Уг нь  гол гол салбарууддаа Монголын төрөөс баримтлах үндэсний хэмжээний хөтөлбөр байдаг.  Энэ бол бодлогын гол баримт бичиг юм. Хар ухаанаар бодоход энэ хүрээнд л асуудал эргэлдэж байх учиртай. Монголчуудын хоёр хөрштэйгээ ярьдаг хэдхэн сэдэв байгаа шүү дээ. Төөрч мунгинаад, эргэж буцаад байхааргүй.

Хоёр хөршийн сануулаад байгаачлан дотооддоо учраа ололцож, санаа оноогоо нэгтгэж бодлогоо тодорхойлж  чадахгүй бол гар сунгах гээд байгаа гадныхан бүр ч төөрч мунгинана шүү дээ.

М.Нэргүй

 

139 сэтгэгдэл